Эмэгтэйчүүдийн хорих анги буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар ангид үймээн гарч хэсэг хүмүүжигч өлсгөлөн зарлах болсон тухай мэдээллийн дагуу ШШГЕГ-ын олон нийттэй харилцах ажилтан, дэслэгч Х.Баясгалантай холбогдож, тодруулсан юм.
-Эмэгтэйчүүдийн хориход бослого гараад байгаа нь үнэн юм уу?
-Энэ ташаа мэдээлэл. Гэхдээ хоригдлууд эсэргүүцэж, удирдлагадаа дуу хоолойгоо хүргэсэн нь үнэн. Бослого гаргаж, өлсгөлөн, суулт зарлах хэмжээнд хүрээгүй.
-Чухам юу болсон юм бэ?
-Тус хорих ангийн уулзалтын өрөөний цонхыг битүүлж, төмөр сараалж хийхээр болсон нь хоригдлуудын дургүйцлийг хүргэсэн. Тэд ийм хаалт хийлгэхгүй хэмээн хорих ангийн удирдлагадаа хүсэлт тавьсныг нь ёсоор болгосон. Өөр ноцтой зүйл болоогүй.
-Эсэргүүцсэн эмэгтэйчүүдийг зодож, сахилгын өрөөнд хийсэн, ялын хэмжээг нэмнэ хэмээн сүрдүүлсэн зэрэг нь тэгвэл бас үндэслэлгүй болох нь ээ?
-Тийм зүйл болоогүй.
О.ТАЙГАМ