АН дахь С.Эрдэнэ тэргүүтэй талынхан саяхан ээлжит бус их хурлаа хийгээд буй бол нөгөөдүүл нь ирэх сарын 7-нд хуралдахаа мэдэгдсэн. Ингэхдээ намын даргын сунгаа хийх юм. Тодруулбал, сунгааг энэ сарын 16- нд эхлүүлж, ирэх сарын 3-нд санал хураах аж. Энэ удаа өдгөө АН-ын дарга гэгдэж буй О.Цогтгэрэл өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар сунгаанд оролцохоо илэрхийлсэн. О.Цогтгэрэл өчигдөр фэйсбүүк хуудсандаа “Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд хийсэн гавьяа ч бий, гай ч байгаа. Нэгэнт улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхэм талцал, өрсөлдөөнд орох биш, нэгдэл, нягтрал, ойлголцлын төлөө явах ёстой. Иймд энэ удаагийн сунгаанд Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна. Надад Ж.Батсуурийг дэмжих бодит шалтгаанууд бий. Ардчиллын зарчим, хүний эрх, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу аливаа ялгаварлалыг би дэмждэггүй. Гэхдээ АН-д өнөөдөр яалт ч үгүй үе солигдох ёстой. “Би”, “зөвхөн би” гэсэн анхдагч ах нарын талцал өнөөдрийн байдалд хүргэсэн. Тэд өш хонзонгоо үүрцгээгээд холдох ёстой. Түүнийг миний чадаагүйг чадаасай, намаа нэгтгээсэй, Монголдоо хувь нэмрээ оруулаасай гэсэн хор шар, хүсэл мөрөөдөл надад, миний үеийнхэнд, нөхдөд минь бий” хэмээжээ. Харин Ж.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ыг булшилсан, доройтуулсан хүмүүсийн нэг нь Х.Баттулга. Тэр дарга бол- чихвол энэ нам нэгдэх нь байтугай, улам бүр жижгэрч, салан бутарна” хэмээн онцолсон байв.