Монголын ардчилсан холбоо (МоАХ)-ны удирдлага өчигдөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг хууль зөрчсөн гэв. Үүнтэй холбоотойгоор цагдаа, АТГ, прокурорын байгууллагад хүсэлт гаргаж буйгаа МоАХ-ны тэргүүн Д.Монголхүү хэлээд, “Тэд хяналт, шалгалт хийхгүй бол АНУ-ын хууль, хүчний байгууллага руу холбогдох материалыг явуулах болно. Олон улсын шинж чанартай хэргүүдэд холбогдсон учир АНУ, Европын Холбоонд хандах эрх нь нээлттэй. Эдгээрээс гадна дотоодод үүсгэсэн асуудал ч түүнд их. Х.Баттулгын хийсэн хэд хэдэн асуудлыг саяхан зохион байгуулсан МоАХ-ны их хурлаар ил болгосон. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Хөгжлийн банкнаас зээл авсан. Мөн Х.Баттулга нь 2016 оноос хойш МоАХны даргаар ажилласан. Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа ч нэг холбоог тэргүүлж байсан учраас УБЕГ-т гомдол гаргаж байна. Түүнчлэн МоАХ-г 2015 онд ганц хүний гишүүнчлэлтэйгээр шинээр үүсгэн байгуулсан байж болзошгүй. Гэмт хэрэгт нэр холбогдсоныг шалгаагүй явж ирсэн нь хууль, хүчний байгууллагад ч асуудал бийг харуулж байна. Хэн дуртай нь гэмт хэрэг хийж, харьяалал бүхий байгууллагынхаа нэр хүндийг унагаж байгаа нь буруу” гээд түүний талаар мэдээлэл хийсэн нь АН-д үүсээд буй асуудалтай холбоогүй хэмээв.
Бэлгэсэн: Б.Уран