“МАН-ын “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд Завхан аймагт ажлаар явж байсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол автомашины осолд орж, хамт явсан хүмүүс нь газар дээрээ нас баржээ” гэсэн мэдээлэл зарим сайтаар гарснаар хэвлэлийнхэн өчигдөр “түргэн авав”. Зарим нь бүр гишүүнийг бэртсэн, нас барсан гэж хүртэл “халуурсан”. Тиймээс Д.Оюунхорол гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Сургуулийн маань 20 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа учраас би Завханаас дөрөв хоногийн өмнө ирсэн. Гэтэл намайг осолд орсон мэтээр ташаа мэдээлэл цацсан томоохон сайтуудад хэн тийм мэдээлэл өгсөн юм бол. Завхан аймгийн Тэлмэн суманд болсон ослын талаар дуулаад их харамссан. Бүгд л миний таньдаг хүн байсан. Ийм явдал болсныг далимдуулж элдэв мэдээллээр хүмүүсийн сэтгэлийг бүү үймүүлээсэй гэж хүсэж байна. Одоо тэр хүмүүс л хурдан эдгэрээсэй гэж залбирах цаг шүү дээ” хэмээсэн.
Осолд орж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхээр нисдэг тэрэг гаргаж өгөхийг тэрбээр Шадар сайд М.Энхболдод уламжилсан ч цаг агаараас шалтгаалан явуулж чадаагүй аж. Харин гэмтсэн хүмүүст шаардлага тай эм, тариаг өчигдөр машинаар хүргүүлсэн гэнэ. Уржигдар 09.00 цагийн орчимд Завхан аймгийн Тэлмэн сумаас 10 км-т “Lexus- 470” маркийн автомашины дугуй хагаран онхолдож, хүний амь эрсэдсэн осол гарчээ. Машинд МАН-ын гишүүд голдуу зургаан хүн явсан бөгөөд ажлаар хот руу ирэхээр Тэлмэн сумаас дөнгөж хөдлөөд осолдсон байна. Ослын газарт нас барсан Асгат сумын МАН-ын хорооны дарга эмэгтэй урьд нь сумынхаа Засаг даргаар ажиллаж байсан гэнэ.
Бусад таван хүнийг эмнэлэгт хүргэн эмчилж байгаа бөгөөд жолооч залуу хүнд гэмтэж, одоо хүртэл ухаангүй байгаа юм байна. Дээрх хүмүүс “Монгол мал” хөтөлб өрийн хүрээнд хоршоог дэмжих зээлд сумдаасаа хамрагдсан байсан тул энэ ажлаа хөөцөлдөхөөр явж байжээ. Тухайн өдөр Завхан аймагт анхны цас хялмаалж байсан тул зам халтиргаатай байсан гэнэ. Аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргаас энэ талаар тодруулахад “Ойрын өдрүүдэд манай аймгийн ихэнх нутгаар цас, бороо холилдон орж байгаа. Одоо ч орсоор байна. Дээрх ослын талаарх мэдээлэл манайд тухайн өдрийн 14.30 цагт ирсэн. Биеийнх нь байдал арай гайгүй дөрвөн хүнийг аймгийн эмнэлэгт авчирчээ.
Жолоочийн бие хүнд байгаа учраас хөдөлгөж болохгүй тул Тэлмэн суманд эмчилж байна. Тэнд Тосонцэнгэлийн сум дундын эмнэлгээс эмч нар очсон. Хамгийн сүүлд 16.00 цагт авсан мэдээллээр жолоочийн бие улам дордсон гэнэ” хэмээлээ. Ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаа, шүүх болон холбогдох газраас хүмүүс ажиллаж байгаа бөгөөд хэрэг бүртгэлт дөнгөж эхэлж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Л.АРГАМЖИН