Өнгөрсөн долоо хоногт манай агаарын хилээр нэг онгоц зөвшөөрөлгүй нэвтэрч, агаарт хэд хэд эргэлдсэний эцэст газардсан гэх мэдээлэл байна. Энэ талаар МИАТ-ийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Энэ сарын 8-нд карго буюу олон улсын ачаа тээврийн нэг онгоц урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр манай агаарын хилээр орж ирсэн. ОХУ-аас ниссэн дээрх онгоцонд буух зөвшөөрөл олгох эсэх талаар холбогдох албаныхан цаг гаруй хэлэлцсэний эцэст зөвшөөрсөн юм билээ” гэв.
Манайхныг хэлэлцэж байх зуур уг онгоц агаарт цаг орчим эргэлт хийсэн байна. Үүнийг зарим эх сурвалж “Манайх агаарын ганц замтай учраас тухайн өдөр салхины чиглэл таарахгүй байсаар онгоц агаарт цаг гаруй болсон” гэж тайлбарлав. Тухайн онгоцоор ямар ачаа тээвэрлэж ирсэн, яагаад Монголын агаарын хилээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн талаар мэдээлэл өгөхөөс мэргэжлийн байгууллагууд цааргалж байлаа.
Л.ЧИМЭГ