Есдүгээр сар гарсаар хүн амины онц ноцтой гэмт хэрэг цөөнгүй гарлаа. Энэ сарын 5-6-нд шилжих шөнө гэр бүлийн гурван хүний амь насыг санаатай хөнөөв. Олныг цочоосон энэ хэргийг өмнө нь онц ноцтой гэмт хэрэг үйлдэн шүү- хээр удаа дараа шийтгүүлж байсан Б.Эрдэнэбилэг үйлдсэн болохыг цагдаагийнхан тогтоогоод байгаа. Онц ноцтой гэмт хэрэгтнийг батлан даалтад гаргасан Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Ц.Насанбат хууль зөрчсөнөөс гурван хүний амь нас хохирлоо гэж талийгаачдын ар гэрийнхэн төдийгүй олон нийт үзэж байна. Прокурор хууль зөрчсөн эсэх болон бусад асуудлаар Нийслэлийн прокурорын орлогч, прокурор Е.Сагсайтай цөөн хором ярилцлаа.
-Гурван хүний амь насыг санаатай бүрэлгэсэн Б.Эрдэнэбилэгийг прокурор Ц.Насанбат хууль зөрчин батлан даалтад гаргасан гэх мэдээлэл гарах боллоо. Танай прокурор хууль зөрчсөн үү?
-Прокурор хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг бид шийдэхгүй. Улсын прокурорын ерөнхий газарт Ёс зүйн зөвлөл гэж байдаг. Тус зөвлөл прокуроруудтай холбоотой асуудлыг хүлээн авч, буруутай эсэхийг шалгаж шийддэг. Тиймээс бид ямар нэгэн тайлбар хийхгүй.
-Прокурорын ёс зүйн зөвлөл Ц.Насанбат прокурортой холбоотой асуудлыг шалгаж байгаа юу?
-Шалгаж байгаа байх. Хэрвээ прокурор хууль зөрчсөн байвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Харин үн дэслэлгүйгээр гүтгэн, прокурорын нэр хүндэд халдсан нь тогтоогдвол тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хандан асуудлыг шийднэ.
-Сүүлийн үед олны анхаарал татсан хэргийн нэг нь улсын начин Ц.Улаанхүүтэй холбоотой хар тамхины хэрэг байлаа. Энэ хэргийг прокурор Г.Мижиддорж хянасан. Шүүх хуралдаанд хөндлөнгөөс ажиглаж байхад нотлох баримт хангалтгүй байгаа мэт санагдсан.
-Прокурор тухайн хүнийг яллах эсэхийг шийддэггүй. Шүүхэд яллах дүгнэлт үйлдэн хүргүүлж байгаа ч эцсийн шийдвэрийг шүүгч гаргадаг. Хэрэг эцэслэн шийдээгүй байхад нотлох баримт болон хэргийн талаар прокурор олон нийтэд ярих ёсгүй. Улсын начин Ц.Улаанхүүг бөхчүүд, ах дүү, төрөл садангийн хүмүүс өмөөрөх нь зүйн хэрэг. Гэхдээ прокурор мөрдөн байцаагчийн бүрдүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг гээд олон зүйл дээр үндэслэн хуулийн дагуу яллах дүгнэлт үйлддэг. Жирийн иргэн, сэтгүүлчид хэргийн талаар сонсоод өнгөрөх нэг хэрэг. Хавтаст хэрэгт чухам ямар баримт байгааг хүн болгонд дэлгэх боломжгүй.
-Онц ноцтой хэргийн шүүх хурлын дараа яллагдагчийн ар гэр, ах дүү маш их бухимдаж прокурор руу дайрах нь бий. Тухайлбал, Ц.Улаанхүү начны ах дүү нь прокурорыг харааж загнан ойр байсан бол зодоход бэлэн байна лээ. Прокурорын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин гарцаагүй хэрэгтэй байгаа нь анзаарагдаж байсан?
-Манай оронд прокурорын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах асуудал сул байгаа нь үнэн. Онц ноцтой гэмт хэргийн шүүх хурал олон цагаар үргэлжилж, хоёр гурван өдөр сунжрах нь бий. Тийм л үед жижүүрийн машин гаргаж прокурорууддаа үйлчилдэг. Прокурорын туслах нь эрэгтэй хүн байдаг л даа. Хүнд хэрэг шийдэж байгаа үед прокуророо хамгаалахыг тэдэнд сануулдаг. Онц ноцтой хэрэгт хяналт тавьж буй хүнийг цагдаагийн хамгаалалтад авахад буруудах зүйлгүй.
-Прокурорын эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан тохиолдол байдаг уу. Амь насыг нь хөнөөсөн хэрэг арай гараагүй байх?
-Амь насыг нь хөнөөсөн хэрэг гараагүй. Харин заналхийлэх, хараах нь энүүхэнд. Прокурорыг зодсон, дээрэмдсэн хэрэг цөөнгүй гарч байсан.
-Олны анхаарал татсан “Анод”-ын гэх хэрэг танайд ирсэн гэсэн. Олон жил дамнан шалгагдаж буй энэ хэрэгт улстөрчид холбоотой учир ийн удаж байгаа гэх яриа бий. Энэ хэргийг хэзээ шүүхэд шилжүүлэх вэ?
-Манай газарт наадмын дараахан ирсэн. Гурван прокурор хянаж байгаа.
-Хөвсгөл аймгийн төвд найман настай охиныг хүчирхийлэн, амь насыг нь хөнөөсөн хэрэг бас удаж байна. Одоо хэр нь М хэргээ хүлээдэггүй гэж дуулдах юм, үнэн үү?
-Хэргийн талаар бид ярих учиргүй. Манайх хянаж л байна.