“Арилжааны банкууд тэтгэврийн зээл мөд олгохгүй нь. Тэтгэвэр нэмсэнтэй холбоотой юм байх. Энэ төрлийн зээлийн багц нь “дүүрсэн” тул хаана, хаанаа арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэнэ” хэмээх яриа олны дунд гарчээ. Энэ талаар ХНХЯ-наас тодруулахад “Яамны түвшинд ийм асуудал яригдаагүй” гэлээ. Тэднийхээс Монголбанканд хандахыг зөвлөсний дагуу асуухад “Төвбанк арилжааны банкуудын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Тухайн банк ямар нэгэн учир шалтгааны улмаас зээлийг түр зогсоосон байх магадлалтай” гэсэн юм.
Үүний дагуу Төрийн банканд хандахад “Тийм ээ, манайх энэ сарын 5 хүртэл тэтгэврийн зээл олгохгүй байгаа. Программын шинэчлэл хийж байна” гэлээ. Иргэдийн зүгээс тэтгэврийн зээлийг нэг жил хүртэлх хугацаагаар авах сонирхолтой байхад тус банк зөвхөн хагас жилээр олгодог. Энэ талаар асуухад “Өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сарын 1 хүртэл нийслэлийнхэнд хагас жилээр, харин орон нутгийн харьяалалтай хүмүүст жилээр зээл өгч байсан. Одоо программ шинэчилснээр журам өөрчлөгдөх, эсэхийг хэлэх аргагүй” гэсэн юм.
ХААН банк урьдын адил сарын эхний өдрөөс өндөр настнуудад 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл өгч буй аж.
Бэлтгэсэн Р.Жаргал