Нийслэлийн Байгаль орчны газрын дэргэдэх “Минж үржүүлэх, нутагшуулах төв”-ийнхний Туул голын эхэд нутагшуулсан минжнүүдийн нэг нь амьдрах таатай орчин эрж, хотын төв рүү сэлгэн суурьшсан байж болзошгүй талаар бид 10 гаруй хоногийн өмнө мэдээлж байв. Үүнээс хойш экологичид нийслэлийн төв хэсэгт Туул гол орчимд “эргүүлд” гарч, “усны инженер” улаанбаатарчуудтай зэрэгцэн амьдарч байгааг зураг болон дүрс бичлэгээр баталгаажуулсан юм. Гэтэл тус амьтан зэрлэг нохойд бариулсан байж болзошгүйгээр үхсэн харамсалтай явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болжээ. Үхсэн минжний зургийг нэгэн иргэн “Азтай савар-амьтанд хайртай залуус” цахим хуудсанд нийтлээд, төд удалгүй устгасан гэнэ.
Нийслэлийн төв хэсгийн Туул гол “усны инженер”-тэй болсныг анх илрүүлж, баталгаажуулан, олон нийтэд мэдээлсэн судлаач “Асуудал дэвшүүлээд байхад арга хэмжээ авалгүй явсаар хөөрхий минжийг золиосоллоо. Ороо нийллэгийнх нь ид үе учраас идэш тэжээлээ бэлтгэн, гадаалж яваад золбин нохдын халдлагад өртсөн байж болзошгүй нь. Фэйсбүүкт нийтэлсэн зургаас харахад (устгахаас нь өмнө) голын эргийн геоморфологийн нөхцөл нь таарч байсан. Тухайн газарт өнөөдөр очиход чоно шиг зүстэй нохой үзэгдсэн” гэсэн бол гэрэл зурагчин Л.Жаргалсайхан “Минж харах санаатай хэдэн өдөр ирэн, очин сууж байтал золбин нохой өрсчихөж. Хайран гэмгүй амьтан. Байгаль хамгаалагчид эргэж тойроод, ойр орчмынх нь нохойг устгасан гэсэн. Хүчрэхгүй юм даа” хэмээн нүүр номдоо бичжээ.
Нийслэлийн Байгаль орчны газрынхнаас өчигдөр энэ талаар тодруулахад “Маршалын гүүр орчимд Туул голын эргийг хоёр удаа самнаж, долоон нохой устгасан. Их бургастай учраас хэчнээн нохой байгааг тогтооход хүндрэлтэй юм билээ. Минж үхсэн гэсэн албан ёсны мэдээлэл манай байгууллагад ирээгүй, мэдэхгүй” гэсэн тайлбар өглөө.