Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг шүүсэн нь олны анхаарлыг татав. Түүнд Эрүүгийн хуулийн 193.3.1-ээр хэрэг үүсгэн шалгаж, 0.523 кг героин хадгалсан, худалдахыг завдсан гэм буруутай гэж шүүгчид үзэн 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдсэнийг шүүгдэгч, түүний ар гэр, өмгөөлөгч нар нь эрс эсэргүүцэж байлаа. Шүүх хурлын явцад хэн юу гэж асуусан, ямар мэтгэлцээн болсон, Ц.Улаанхүү хэрхэн хариулсныг хүргэж байна.
Шүүх хурлыг Баянзүрх дүүргийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Сарантуяа, Х.Одонтуул, улсын яллагч Г.Мижигдорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хаздан, Б.Алтанцог, ар гэрийнхэн нь оролцов. Харин гэрчээр оролцох ёстой Д.Болдбаатар ирсэнгүй. Ц.Улаанхүү, түүний ар гэрийнхэн, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд түүнийг заавал ирүүлэх ёстой гэсэн хүсэлт гаргасан юм. Шүүгчид болон улсын яллагч “Гэрч Д.Болдбаатар мөрдөн байцаалтын явцад хангалттай мэдүүлэг өгсөн. Түүнийг заавал ирүүлэх шаардлагагүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлье” гэснээр шүүх хурал эхлэв.
Ц.Улаанхүү шүүх хуралдаанд болсон үйл явдлын талаар ийн мэдүүлэв. “Би Д.Болдбаатартай танилцаад нэг жил болж байна. Ах дүү шиг л явдаг байлаа. Бид үе үе уулзаж архи ууна, тэрнээс хэтрэхгүй. Хар тамхи зар гэж өгсөн гээд байгаа өдрийг би санахгүй юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард шиг санаж байна. Би аймгийн заан н.Ганбаатартай архи ууж яваад мөнгө авахаар охиныдоо очсон. Гэтэл Д.Болдбаатар дараа нь “Хар тамхи өгсөн. Миний дүү зараад 100 төгрөг оллоо гэхэд ахдаа 30-ыг нь өөртөө болон хамт заралцсан хүмүүстээ 70-ыг нь өгөөрэй” гэсэн гэж мэдүүлсэн байх юм. Би хар тамхи гэдэг зүйлийг зурагтаар л харж байснаас өөр мэдэх зүйлгүй. Зарж борлуулах тухай бүр ч мэдэхгүй. Бөхөө дээдэлдэг монголчуудын буянаар би наймаа хийж амьдрах дээрээ тулаагүй. Шүүгч та бүхэн шударга шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна” гэв. Шүүх хуралдааны дарааллын дагуу Ч.Улаанхүүгээс шүүгч, яллагч, өмгөөлөгч нар нь асуулт асуусан юм.
Г.Мижигдорж (Улсын яллагч)
-Та өөрийгөө гэм буруугүй гэдгээ юугаар нотлох вэ. Эд мөрийн баримтаар хураагдсан энэ зүйл таных мөн үү?
-Хийгээгүй хэргийг би яаж нотлох билээ. Би ийм зүйл мэдэхгүй, хараагүй. Чи энэ асуултаа намайг гүтгээд байгаа Д.Болдбаатараас асуусан нь дээр.
-Д.Болдбаатар танай охины гэрийн хаана, юу байдгийг нэгд нэгэнгүй хэлдэг. Энэ нь тэр өдөр очсоныг гэрчилж байгаа юм биш үү?
-Архи ууж яваад нэг байтугай л очиж байсан.
Б.Сарантуяа (Баянзүрх дүүргийн шүүгч)
-Та мэдүүлэг өгөхдөө Д.Болдбаатарыг надаас айгаад ирэхгүй байна гэж ярилаа. Та тийм танхай хүн үү?
-Монголын ард түмэн намайг мэднэ. Намайг ямар зан төрхтэй, хэн бэ гэдгийг сайн мэднэ.
-Таныг хэн мэддэг нь хамаагүй. Та тэр хүнийг яагаад айж байна гэж бодож байна вэ?
-Хүнийг ор үндэсгүй гүтгэсэн юм чинь айж байгаа биз.
Х.Одонтуул (Баянзүрх дүүргийн шүүгч)
-Та хар тамхи өгсөн гэх өдөр н.Ганбаатар, Д.Болдбаатар нартай хамт Баянзүрх дүүргийн VIII хорооны 1-48 тоотод байдаг охиныдоо очсон юм байна. Яагаад н.Ганбаатар орохгүй, Д.Болдбаатар тантай хамт охиных руу чинь орсон юм бэ?
-Хэн мэдэх вэ. Нохой шиг дагаад явж байдаг юм. Манай хөрш Лувсандоржийн эхнэр бурхан болоод ажил явдалтай байсан. Н.Ганбаатар, н.Лувсандоржтой залуудаа хамт цэрэгт байсан юм билээ. Тэгээд таараад уулзаж байсан. Би архины мөнгө авах санаатай орсон. Би хүүхдүүдээсээ архины л мөнгө авдаг, өөр юу ч нэхдэггүй.
Т.Шинэбаяр (Баянзүрх дүүргийн шүүгч)
-Хавтаст хэрэгт Д.Болдбаатар мэдүүлэхдээ “Хар тамхи байгаа тухай удаа дараа хэлж байсан. Нэг удаа архи уучихаад ахад нь маш нууц нэг зүйл байгаа. Түүнийг зарж чадах уу” гэж асууж байсан гэжээ. Та архи уудаг уу. Уугаад юу ярьснаа мэддэг үү, өөрийгөө хянах чадвар бий юү?
-Ах нь идсэн хоолныхоо сав болж чаддаг хүн. Ах нь багаасаа архи ууж, ид барилдаж байсан залуу цагтаа авдар архи уухаас нааш согтдоггүй байсан. Одоо нас дээр гараад 10 шил архины ард гарч чадахаа больж. Хэнтэй, хаана уух вэ гэдгээ сайн мэднэ.
-Та н.Ганбаатартай хэр дотно байдаг вэ. Танд Бангладешт байхдаа юу өгсөн юм бэ?
-Бөхчүүд бие биенээ хайрлаж, хүндэлж явдаг. Тэр жишгээр л сайхан нөхөрлөж явсан. Дээхнэ үед н.Ганбаатарын ээж бурхан болсон юм. Хөөрхий замын зардалгүй гээд явахад нь 100 төгрөг, төлөгтэй өгч байсан юм. Тэрбээр бангладеш эхнэр аваад намайг урьсан. Хүний тусыг мартдаггүй хүн юм гэж бодоод түүний зардлаар олон сайхан зүйл үзсэн. Явахад 1000 доллар өгсөн. Ах нь энэ тухайгаа Д.Болдбаатарт “Ах нь хар тамхи татаж, хар хүүхэнтэй наргиж яваад ирлээ” гэж хэлсэн. Үүнээс л боллоо гэв.
Б.Алтанцог (Шүүгдэгчийн өмгөөлөгч)
“Улсын яллагч нотлох баримт хангалттай гэж үзэж байгаа бололтой. Өмгөөл өгчийн хувьд би үүнийг эсэргүүцэж байна. Гэрч Д.Болдбаатар хар тамхийг тухайн айлын орны араас авсан гэж мэдүүлээд дараа нь буйдан гэж ярьжээ. Түүнээс гадна Д.Болдбаатарыг тухайн өдөр хамт байсныг гэрчлэх хүн байдаггүй. Ц.Улаанхүү, Д.Болдбаатарт энэ зүйлийг өгснийг гэрчлэх хүн өнөөдөр ч алга. Түүнээс гадна эд мөрийн баримтаар хураагдсан героиныг Ц.Улаанхүүгийн гэрээс олоогүй. Д.Болдбаатар өөрөө аваачиж өгсөн. Гэмт хэргийн хамгийн гол нотлох баримт нь гарын хээ байдаг.
Хэрвээ Ц.Улаанхүү, Д.Болдбаатарт дамжуулж өгсөн юм бол түүнийг нотлох гарын хээ хаана байна. Хүнийг онц ноцтой гэмт хэрэгт шийтгэх гэж байгаа бол хангалттай нотлох баримт хэрэгтэй. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь хавтаст хэрэгт байгаа эд мөрийн баримт хураасан тэмдэглэл, шүүхийн шинжилгээнд өгсөн баримтын сар, өдөр. Шүүхийн шинжилгээнд өгсөн баримтад дөрөвдүгээр сарын 14 гэсэн атлаа Д.Болдбаатар мэдүүлэг өгөхдөө дөрөвдүгээр сарын 15-нд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж бичжээ. Энэ хүн үнэн яриад байна уу гэдэгт энэ баримтаас үүдэн эргэлзэж байна. Хэнэггүй, хээгүй занг нь ашиглаж онц ноцтой хэрэгт гүтгэж байх магадлалтай. Манай үйлчлүүлэгч үүнийг хэлдэг.
Насаараа цагдаагийн байгууллагад ажилласан хүн мөрдөн байцаалтын эхнээс хууль зөрчсөн. Тэр хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хуйвалдан героин олж аваад зарж борлуулах боломж таарахгүй байсаар эцэстээ хэн нэгэнд хэргээ тохож байхыг үгүйсгэх аргагүй. Үнэлгээний асуудалд би эргэлзэж байна. Цагдаагийн байгууллага үнэлгээ тогтоодог газар биш. Улсын яллагч ОХУ, АНУ, Бангладеш гэх мэт орны үнэ ханшийг яриад байна. Манай оронд нэг кг нь героин ийм үнэтэй байдаг гэсэн жишиг алга. Цагдаагийн байгууллагын тогтоосон үнээр хүнийг их хэмжээний хар тамхи зарахыг завдсан гэж буруутган яллах нь учир дутагдалтай. Түүнээс гадна энэ шүүх хуралд Д.Болдбаатар гэмт хэргийн хамтрагч, гүйцэтгэх ажилтан, гэрчийн аль нь болох нь тодорхой бус” гэж хэлэв.
Өмгөөлөгч нар нотлох баримт хангалтгүй байна гэж удаа дараа хэлсэн ч шүүх гэм буруутай гэж үзэн хорих шийдвэр гаргалаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Улаанхүү, түүний өмгөөлөгч энэ долоо хоногийн пүрэв гаригт хүлээн аваад давж заалдана гэдгээ хэлэв.