Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шуурхай удирдлагын төвд 12359 дуудлага ирснээс 623 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн хүний тоо нэмэгдэн, 20 хувиар буюу 1024 болж өсчээ. “Хичээлийн шинэ жил эхлэхээр архидалт ихсэж, үүнээс улбаатай гэмт хэрэг нэмэгддэг. Тиймээс оюутнууд мөнгөө архинд бус өөрийн мэдлэгт хэрэгтэй зүйлд зарцуулж, согтууруулах ундаанаас татгалзахыг уриалж байна” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Сайнжаргал ярив.
Өнгөрсөн долоо хоногт танхайн гэмт хэрэг 13, дээрэм дөрөв, архидан согтуурсны улмаас хүний биед гэмтэл учруулсан хэрэг 12, авто замын осол 65, согтуугаар жолоо барьсан 56 хүний эрхийг хасчээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороонд хүний амь насыг санаатай хөнөөсөн нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн ноцтой хэрэг боллоо. Тус хорооны иргэн Г архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдан, толгой руу нь шилээр цохиж амь насыг нь хөнөөжээ.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд Г-г саатуулан Эрүүгийн хуулийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэгт татан шалгаж байна.
Х.Хангал