Сүүлийн өдрүүдэд валют арилжааны “Найман шарга” захад ам.долларын ханш өссөөр байна. Тус захын ченжүүд өчигдөр “ногоон”- ыг 2868 төгрөгөөр авч, 2871-ээр зарж байв. Уг валютын ханш ийнхүү 2870 төгрөг давлаа. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард америк мөнгөн тэмдэгтийг дунджаар 2852 төгрөгөөр авч, 2854-өөр борлуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, дээрхтэй харьцуулахад ам.долларын ханш өдгөө авах нь 16, худалдах нь 17 төгрөгөөр өссөн нь энэ. Цагаан сарын дараагаас ам.долларын ханш чангарсаар байгааг ченжүүд хэлж буй. Эргэн сануулахад, тэд дөрвөн сарын өмнө “ногоон”- ыг 2850 төгрөгөөр аваад, 2852-оор зарж байв. Дээрхтэй харьцуулбал уг валютын ханш 20 орчим төгрөгөөр чангарчээ. Тэгвэл өнгөрсөн 11, 12 болон нэгдүгээр сард ам.долларыг 2851-2852 төгрөгөөр авч, 2853-2854-өөр зарж байсан юм. Ташрамд дурдахад, Монголбанк энэ сар гарснаас хойш гадаад валютын долоон удаагийн ээлжит дуудлага худалдаагаар 588.5 сая ам.доллар нийлүүлээд буй. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр тус банкнаас зарласан ам.доллартой харьцах төгрөгийн дундаж ханш 2019 оны нэгдүгээр сард 2649.68, дараа жилийнх нь мөн үед 2744.38 байжээ. Тэгвэл 2021 оны эхний сард дээрх тоо 2849.82 төгрөг болж дээшилсэн аж. Өнгөрсөн сард эл үзүүлэлт 2849.36 төгрөг байсан бол өчигдөр 2862.4-т хүрэв.
Бэлтгэсэн Б.Сонор