Бүгд Найрамдах Донбасс Ард Улсын удирдагчдын хүсэлтээр тус бүс нутагт цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэнээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ мэдэгдэв. “Энэ нь найман жилийн турш Киевийн дэглэмийн хүчирхийлэл, хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэгт өртөж байсан хүмүүсийг хамгаалах зорилготой бөгөөд үүний тулд бид Украиныг аюулгүй болгохын сацуу энгийн оршин суугчид, тэр дундаа ОХУ-ын иргэдийн эсрэг цус асгаруулсан олон гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шүүхэд өгөхийг хичээх болно” гэж тэрбээр хэлжээ.
“Украин цөмийн зэвсэгтэй болохыг ОХУ зөвшөөрөхгүй. ОХУ-ын төлөвлөгөөнд Украины газар нутгийг эзлэх асуудал байхгүй. Нөхцөл байдал шийдэмгий арга хэмжээ авахыг Оросоос шаардаж байна. Украины ард түмний өөрийгөө тодорхойлох эрхийг бид чухалчилна. ОХУ-ын үйл ажиллагаа нь Украины эрх ашиг зөрчигдсөнтэй холбоогүй, харин тус улсыг барьцаалсан хүмүүсээс өөрийгөө хамгаалахтай холбоотой. Цус урсахад хүрвэл бүх хариуцлагыг Украины дэглэм хүлээх болно. Украины нөхцөл байдалд гаднаас хөндлөнгөөс оролцвол Орос улс яаралтай хариу арга хэмжээ авна. Оросын цэргийн алба хаагчид үүргээ мэргэжлийн бөгөөд зоригтой гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. АНУ-ын эмхлэн байгуулсан Өрнөдийн орнуудын эвсэл бүхэлдээ худал хуурмагийн эзэнт гүрэн юм” гэж В.Путин хэллээ. Тэрбээр Украины цэргийн албан хаагчдыг даруй зэвсгээ хураалгаж, гэртээ харихыг уриалав.
КИЕВ БОЛОН ХИЛ ОРЧМЫН БҮХ ХОТОД ДЭЛБЭРЭХ ЧИМЭЭ СОНСОГДОВ
Украины нийслэл, бусад хотод дэлбэрэх чимээ сонсогдож буй тухай CNN телевиз болон Киевийн оршин суугчид мэдээлж байна. Лхагва гаргийн орой Украин даяар онц байдал зарлаж, аюулгүй байдлын үүднээс тус улс агаарын орон зайгаа хаажээ. Мөн Орос, Беларусиас авдаг эрчим хүчний системээ гурав хоног буюу энэ сарын 24-26-нд түр тасалсан гэнэ. Үүнийгээ 2022-2023 онд төлөвлөсөн Европын Холбооны эрчим хүчний системтэй зэрэгцэн ажиллах Украины шилжилтийн үе шатуудын нэг хэмээн тайлбарлав. Украин бэлтгэл цэргүүдээ армид татаж, тэднийг эх орноос нь гаргахгүй бололтой. “Оросын цэргүүд Украины зүүн бүс нутаг руу шилжсэн” гэж Латвийн Ерөнхий сайд мэдэгджээ.
ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙ АРД ТҮМЭНДЭЭ ХАНДЛАА
“Давших тусмаа та бүхэн бидний царайг харах болно” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлсэн нь түүний ард түмэндээ хандаж хэлсэн үгийн гол санаа байв. Тэрбээр үг хэлсэн 11 минутынхаа есөд нь оросоор ярьжээ. В.Зеленский ард түмэндээ Украинтай хийж болзошгүй дайны эсрэг босохыг уриалсан байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярих гэсэн ч хүсэлтэд нь хариу өгөөгүй гэнэ.
ОХУ цэргийн дэд бүтэц, нисэх буудлуудад нь цохилт өгч байгаа тухай Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ. Нөхцөл байдал хяналтад байгаа гэж тус штабаас дамжуулаад, оросууд Одессад газардсан тухай мэдээлэл худал болохыг мэдэгдэв. Украины Хилийн албаны мэдээллээс үзвэл Орос, Беларусийн нутаг дэвсгэрээс Оросын цэргүүд пуужин, их бууны цохилт өгч байна. Цохилтод Луганск, Сумы, Харьков, Чернигов, Житомир муж өртөж буй аж. Үүнээс гадна ОХУ-ын хорлон сүйтгэх, тагнуулын бүлгүүд ажиллагаа явуулж байгаа гэнэ. Хилийн хэсгүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан хилчид Украины Зэвсэгт хүчин, Үндэсний гвардийн хамт дайсны эсрэг гал нээж байна.
“ДЭЛХИЙ НИЙТЭД БОЛОМЖ ОЛГО”
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш тус байгууллагын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр үг хэлж, Украины нутаг дэвсгэрт цэргээ оруулахгүй байж, дэлхий нийтэд боломж олгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уриалав. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебагийн хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдсан юм.
Мөн “Их-7”-гийн удирдагчид Украины байдлыг цахимаар хэлэлцэхээр болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден үүнд оролцохоо мэдэгдэхдээ “В.Путин хүний амь үрэгдэж, зовлон, шаналал дагуулсан дайныг сонголоо” гэв. АНУ холбоотон, түншүүдийн хамт ОХУ-аас Украинд явуулж буй ажиллагаанд нэгдсэн, шийдвэртэй хариу өгнө гэж тэрбээр мэдэгдсэн байна.
МӨРГӨЛДӨӨНИЙГ ЭВ ЗҮЙГЭЭР ЗОХИЦУУЛАХ ҮҮД ХААГДААГҮЙ
Украины эргэн тойрны мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах үүд хараахан хаагдаагүй байна гэж БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жан Зюнь мэдэгдэв. Сөргөлдөөнд оролцогч бүх тал хүлээцтэй байж, яриа хэлэлцээгээр асуудлаа шийднэ хэмээн Хятад улс найдаж байгааг тэрбээр уламжилжээ.
“УМАРДЫН УРСГАЛ-2” ХООЛОЙН ЭСРЭГ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
Герман, Оросын хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойн оператор “Nord stream 2 AG” компани болон удирдлагуудад хориг арга хэмжээ авснаа АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгдэв. Энэ нь ОХУ-аас Украинд явуулж буй ажиллагааны хариуд авсан хориг арга хэмжээний эхний хэсэг гэнэ. “Ерөнхийлөгч Путин үйлдлээрээ дэлхий дахинд Оросын хийнээс татгалзах хөшүүрэг өгч байна” гэж тэрбээр хэлжээ. “Умардын урсгал-2” нь ОХУ-аас Герман руу Балтын тэнгисээр дайруулан байгалийн хий нийлүүлэх 1234 км урт, дамжуулах хоолойн төсөл юм. Герман, Дани, Орос, Финланд, Швед гэсэн таван орны эдийн засгийн онцгой бүс, нутаг дэвсгэрийн усаар дайруулан тавьсан уг хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай.
Үүний сацуу Европын орнууд байгалийн хий нийлүүлэлтийн хувьд Оросоос хараат байдлаа аль болох хурдан бууруулахыг хичээж байна. Европын Холбооны хамгийн том боомтуудын нэг Нидерландын Роттердамын боомтод шингэрүүлсэн хий тээвэрлэдэг хөлөг онгоцнуудын тоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дунд үеэс нэмэгджээ. Сүүлийн хоёр сард энэ боомтоор шингэрүүлсэн байгалийн хийн 60 орчим тээвэрлэгч ирсэн нь өнгөрсөн жилийн нийт ачааны тал орчим хувийг эзэлж байна. Тус холбооны гишүүн орнууд байгалийн хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг Оросоос авдаг. Гэтэл Өрнөдийн хориг арга хэмжээний хариуд Орос Европ руу нийлүүлэх хэмжээгээ багасгаж болзошгүй тул тэдгээр орон АНУ, Катар болон бусад оронтой гэрээ байгуулах арга хэмжээ авч байна. Европын Холбоо 10 тэрбум шоо метр байгалийн хий нөөцөлснөө мэдэгдэж, Оросоос нийлүүлэлтээ бүрэн зогсоосон ч түүхий эд хангалттай байгааг тэмдэглэв. Гэвч Оросоос дамжуулах хоолойгоор хий авдаг Герман зэрэг оронд шатахуун тээвэрлэгч хүлээн авах дэд бүтэц байхгүй аж. Бусад улсаас хий тээвэрлэх зардал эдийн засагт нь сөргөөр нөлөөлж болзошгүй. Украинд цэргийн ажиллагаа эхэлсний улмаас пүрэв гарагт Европт хийн үнэ 35 хувиар өсөж, 1000 шоо метр нь 1414 ам.долларт хүрчээ.
НЕФТИЙН ҮНЭ ӨСЛӨӨ
ОХУ Донбасст цэрийн ажиллагаа явуулснаар “Brent” маркийн нефтийн ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх үнэ баррель нь 100 ам.долларт хүрсэн байна. Лондоны ICE биржид дээрх төрлийн нефтийн ханш 3.3 хувиар өсөж, 103 “ногоон”-д хүрчээ. Үүний зэрэгцээ WTI маркийн газрын тосны үнэ дөрөвдүгээр сард нийлүүлэх нь 3.34 хувиар дээшилж, баррель нь 95.18 ам.долларт хүрэв. Орос, Украины хилийн байдал хурцадсантай холбоотойгоор нефтийн ханш өнгөрсөн долоо хоногоос өсөж эхэлсэн билээ.
ОХУ-ЫН 400 ОРЧИМ ТӨЛӨӨЛӨГЧИД ХОРИГ ТАВИВ
Донецк, Луганскийг тусгаар улсаар хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан ОХУ-ын улс төр, цэрэг, эдийн засгийн салбарын 400 орчим төлөөлөгч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтнийг Европын Холбоо хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулжээ. Энэ нь тус холбооны түүхэн дэх хориг арга хэмжээний хамгийн том шийдвэр болж байна. Оросын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад багтсан хүний тоог 2.5 дахин нэмэгдүүлснээр уг жагсаалтад 555 хүн, 52 байгууллагын нэр буй аж. Үүнд багтсан хүмүүст дээрх холбооны орнуудад зорчих, банкны системд нэвтрэхийг хориглодог байна. Тухайлбал, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Антон Вайно, Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова, RT агентлагийн дарга Маргарита Симоньян, телевизийн хөтлөгч Владимир Соловьев, нийгмийн зүтгэлтэн, “News front” агентлагийн дарга Константин Кнырик нарыг хоригийн жагсаалтад оруулжээ