Нам байгуулахад 801 бус, хамгийн багадаа 20 мянган хүний гарын үсэг цуглуулах агуулга бүхий заалтыг 2019 онд Үндсэн хуульд нэмсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 2028 оноос мөрдөх нэгэн заалт баталсан нь улс төрийн намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах тухай зохицуулалт. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад 2.3 сая иргэн багтсанаас харвал наад тал нь 20 мянгаас доошгүй хүн эвлэлдэн нэгдэж байж, нам байгуулахаар болж байна гэсэн үг.
Гэхдээ энэ удаа Монгол Улсын иргэн бидний эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө эдлэх нөхцөлийг дордууллаа гэж шүүмжлэх гэсэнгүй. Манай идэвхтэй сонгогчийн тоо ердөө 400 мянга орчим байхад 35 нам хэрэгтэй юү хэмээн буруутгахыг ч урьтал болгосонгүй. Цаашлаад улс төрийн намууд хатуу гишүүнчлэлтэй байх, эсэхийг ч хөндсөнгүй. Гагцхүү цаашдаа хүссэн ч, эс хүссэн ч манай намууд гишүүдийн тооны араас хөөцөлдөхөөс аргагүй нөхцөлийг Үндсэн хуулийн нэмэлтээр үүсгэчихлээ.
Дээд шүүхээр зөвшөөрүүлж, албан ёсны бүртгэлтэй болохоор дуншиж буй хэд хэдэн шинэ нам бий. Тэдгээрийн нэг, УИХ-ын гишүүн асан, “Нарантуул”-ын эзэн Ш.Сайхансамбуугийн байгуулсан Ардын чуулган намыг бүртгэх, эсэхийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ сарын 9-нд хэлэлцсэн ч татгалзсан. Ингэх нэг бус шалтгаан байгааг Дээд шүүхээс мэдээлсэн юм. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн 10.1.3 дахь заалт буюу Ардын чуулган намын гишүүн гэж бүртгүүлсэн хүмүүсийн зарим нь өөр намын гишүүнчлэлгүй байх шаардлага хангаагүй аж. 807 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг тус намаас ирүүлсэн бөгөөд Дээд шүүх үүнийг түүврийн аргаар нягталжээ. Тодруулбал, жагсаалтаас сонгосон 65 хүнтэй холбогдож, Ардын чуулган намын гишүүн, эсэхийг асуусан байна. Тэдгээрээс тус намын гишүүн биш, бүртгэлд нь гарын үсэг зураагүй гэж 15, өөр нам (МАН, АН, МАХН)- ын гишүүн гэж таван хүн хариулсан аж. Ингээд 807 гишүүнээс нь энэ мэт зөрчилтэй хүмүүсийг хасаж тооцвол Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлагад хүрэхгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам байгуулахын тулд 801-ээс доошгүй хүн эвлэлдэн нэгдсэн байх заалтыг хангаагүй гэсэн үг.
Мөн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, жагсагч гэдгээрээ илүүтэй танигдсан Б.Жагарын байгуулсан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг бүртгэхээс татгалзсан. Бас л 801-ээс доошгүй гишүүний бүртгэл (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)” нь шаардлага хангаагүй. Тус намын гишүүн гэх 960 хүний баримтаас 695-ынх нь мэдээлэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийнхтай ямар нэг байдлаар тохироогүй аж. Эндээс харвал улс төрийн намыг бүртгэнэ гэдэг Дээд шүүхийн хувьд нягт нямбай ажиллагаа шаардсан ажил байдаг бололтой. Арга ч үгүй биз. Тэд улс төрийн намын хувьд төрийн эрх барих эрхийн төлөөх өрсөлдөөнд оролцох, эсэх нь Дээд шүүхийн бүртгэлээр баталгаажиж буй шүү дээ.
Гэвч Дээд шүүх намуудыг бүртгэчихээд хэр хяналт тавьдаг вэ. Тэгээд л “хаячихдаг” уу. Жишээ нь, намуудын гишүүний тоо, гишүүнчлэл нь бодитой, эсэхийг тогтоож чаддаг уу. Иргэд улс төрийн нам байгуулах замаар эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх, эсэхийг дэнсэлдэг Дээд шүүх тэднийг бүртгэхээс татгалзахдаа гаргадаг шиг нухацтай хандлага, зарчмыг үргэлж баримталж, намуудын мэдээллийг шинэчилдэг үү. Ядаж намуудын гишүүдийн тоог тодорхой хугацаанд, тогтмол эргэж хардаг уу. Дээд шүүхийн бүртгэлд байгаа тоонуудыг хамгийн сүүлд хэзээ шинэчилсэн бэ.
Дээд шүүхийн албан ёсны цахим хуудсанд улс төрийн намын бүртгэл ил тод бий. Өдгөө манайд үйл ажиллагаа явуулах эрхтэй 35 намын регистрийн дугаар, дарга нь хэн болох, хаяг, холбоо барих эх сурвалжууд, байгуулагдсан болон Дээд шүүхэд бүртгүүлсэн огноо, гишүүдийн тоо гээд голлох мэдээллүүд нь тэнд байдаг. Гишүүдийн тоогоор нь сонжвол эрх барьж буй МАН хамгийн олуулаа буюу 161 300-уулаа аж. Хэзээнээсээ тэд хэдэн зуун мянган гишүүнтэй гэж аархаж ирснийг нь бодвол бүртгэл дээрх тоог хараад гайхах шалтгаан алга. Харин Ардын намын албан ёсны цахим хуудсан дахь гишүүдийнх нь тоо үүнээс хавьгүй их буюу 225 084. Түүхт 100 жилээ угтан шинэчилж, гоёсон цахим хуудсанд нийслэл болон хөдөө, орон нутгийн гишүүдийн тоог ч тодорхой харуулах агаад хооронд нь нэмбэл 225 мянгыг яг “мөргөж” байна. Саяхан сүр дуулиантайгаар “хөөсөн” таван гишүүнээ хассан бүртгэл нь чухам аль нь вэ. Аль нь зөв юм бол. Эсвэл энэ хоёр тоо худал уу.
Нөгөө талаас өнгөрсөн онд МАХН татан буугдаж, МАН-д нэгдсэн. Тус нам 35 мянган гишүүнтэй байсныг цөөнгүй эх сурвалжид дурдсан байна. Улс төрийн намын тухай хуулийн 15.5-д “Нэг нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүнчлэлтэй 35 мянган гишүүн МАН-д шилжиж таарах нь Гэвч дээр дурдсан хоёр том тоонд чухам МАХН-ын гишүүд орсон, эсэх нь эргэлзээтэй. Гэтэл Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардын чуулган намыг бүртгэхээс татгалзахдаа МАХН, МАН, АН-ын гишүүнчлэлтэй хүмүүс тус намд байна гэж тогтоосон байдаг.
Үнэндээ өнөөгийн эрх баригчид 10 гаруй жилийн өмнө уугуул нэрээ сэргээж, МАН болоход МАХН хэмээх нэрийг авч, өрх тусгаарласан хүмүүсээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дагалдсан нь олон. Тиймээс ч “Н.Энхбаярын МАХН”, “нэг хүний нам” гэх мэтээр хочилж байв. “Нэг хүний” гэмээр нам үүгээр тогтохгүй нь харамсалтай. Жишээ нь, “Буян”-гийн гэгддэг Б.Жаргалсайханы БНН-ыг энэ тодотгол тойрдоггүй. Энэ нам өдгөө 50 мянган гишүүнтэйг Дээд шүүхийн бүртгэлээс харж болно. 2004 оны сонгуулиар “Эх орон-ардчилал” эвслийн малгай намаасаа нэр дэвшсэн Б.Жаргалсайхан УИХ-д сонгогдсоноос өөрөөр төрийн эрх барих үйл хэрэгт төлөөлөл болж байсангүй. Ер нь тамга нь нэг хүний халаасанд, туг нь гэрийнх нь, эсвэл ажлынх газрын буланд тоосонд дарагдаад хэвтэж байдаг, сонгуулиар л өнгөлж, өөд нь татдаг нам бишгүй гэлцдэг.
Монголын хоёр “том”, нөлөө бүхий намын нэг гэгддэгийн хувьд гишүүдийнхээ тоогоор АН аман хүзүүддэг хэмээн бодож явснаа нуух юун. Харин Дээд шүүхийн бүртгэл ёсоор Эх орон нам 160 мянган гишүүнтэй тул хоёрдугаарт бичигдэх нь. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын буюу ерөнхийдөө “компанийн нам” хэмээх тодотголын эзэн болсон эл намыг анх мөнгөтэй, хүчтэй гаргаж ирсэн ч өнөө хэр хэдэн зуун мянган гишүүнтэй хэвээр хэмээн санасангүй. 1998 онд “мэндэлсэн” Монголын ардчилсан шинэ социалист намтай нэгдсэний хүчинд намуудын жагсаалтад дээгүүр залардаг, нэгэн үе нэрээ Эх орон-Монголын ардчилсан шинэ социалист нам болгож явсан тус нам 160 мянган гишүүнтэйнхээ хэргийг хэзээ гаргасныг ч мартах шахаж. Түүх сөхвөл, УИХ-ын 2000 оны сонгуульд Эх орон-Монголын ардчилсан шинэ социалист намаас дарга Б.Эрдэнэбат нь сонгогдсон юм. 2004 оны сонгуульд Эх орон нам АН, ИЗН, ҮШН-ын хамт “Эх орон-ардчилал” эвсэл болон оролцож, 35 суудал авсан ч Б.Эрдэнэбатын намаас нэр дэвшин сонгогдсон нь дөрвөн хүн байлаа. Үүнээс хойш буюу бараг сүүлийн 20 жилд Эх орон намын төлөөлөл парламентад байгаагүй гэсэн үг.
АН 150 мянган гишүүнтэй. Тэд өөрсдийгөө үүнээс ч олуулаа гэж ярьдаг. Харин одоо АН-д гишүүдийн тооноос илүү дарга, тамга тойрсон хэрүүлдээ цэг тавих нь чухал болоод буй. Угтаа тэд Дээд шүүхийн цахим хуудсан дахь улс төрийн намын бүртгэлийн АН гэсэн хэсэгт намын дарга С.Эрдэнийн, эсвэл Ц.Тувааны нэрийг бичүүлэх гэж л тэмцэлдээд байгаа юм. Харамсалтай нь, тэр хэсэгт хэний ч нэр бичигдэлгүй, их удлаа. Хойшид хэдий хугацаанд ийм байдалтай явахыг нь таашгүй. Сонирхуулахад, парламент болон ИТХ-д төлөөлөлтэй болж чадсан ХҮН 1024 гишүүнтэй аж. Мөн намуудаас 1000 хүрэхгүй гишүүнтэй нь ес байна. Юутай ч 35 намд бүртгэлтэй гишүүдийнх нь тоог нэмээд үзвэл 632.5 мянга буюу манай улсын сонгуулийн насны иргэдийн гуравны нэг нь аль нэг намын гишүүнчлэлтэй байна. Одоогийн бүртгэлээс харвал МАН, АН, ИЗНН, Эх орон, БНН л Үндсэн хуулийн нэмэлтийн шаардлагыг хангаж, тэсэж үлдэх нь. Гэхдээ одоо байгаа бүртгэлд үндэслэн гишүүнчлэлийг тодорхойлох уу, эсвэл бүгдийг нь татан буулгаж, дахин шинээр зохион байгуулах уу гэдэг нь ирэх жилүүдэд илүү тодорхой болох биз.