ОХУ-аас өчигдөр Украины зарим объектод цохилт өгч эхэлснээр тус улсад тогтворгүй байдал үүслээ. Эл нөхцөл байдалтай холбоотойгоор Украин дахь монгол иргэдийг татаж авах уу гэх асуудал өчигдөр олон нийтийн анхаарлын төвд байв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдээлснээр бол Украинд энэ жил 68 монгол оюутан суралцаж буйгаас өчигдрийн байдлаар 41 нь эх орондоо иржээ. Үүнээс гадна 22 монгол иргэн тус улсад байнга оршин суудаг юм байна. Тэд эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй гэнэ. Засгийн газар өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж, үлдсэн 27 оюутныг татан авах зардлыг нь гаргахаар шийдвэрлэжээ. Тэднээс өдгөө 15 нь Харьковт, ес нь Киевт, хоёр нь Кривой Рогт, нэг нь Львовт байгаа гэнэ. Хэдийгээр оюутнуудыг татан авах зардлыг Засгийн газраас гаргахаар болсон ч үүнийг хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байна. Учир нь Украины бүх нислэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа “Хэрэв агаарын хил нээгдэхгүй бол оюутнуудыг авто замаар Польш, Чех, Унгар улс хүргэх төлөвлөгөөтэй. Харьков дахь оюутнууд сургуулийнхаа хонгилын хэсгийн хоргодох байранд бий. Харин Киев дэх оюутнууд дотуур байрандаа байрлаж буй гэх мэдээлэл авсан” хэмээн мэдээлэв. Украинд болсон үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг А8 нүүрнээс уншаарай.