-Хоцрогдол арилгах сургалтын талаар мэдээлэл авах гэсэн юм.
-Ямар мэдээлэл сонирхож байна вэ?
-Цагийн хуваарь нь ямар бол?
-Долоо хоногийн хүссэн гурван өдрөө сонгож, хамрагдах боломжтой. 36 цаг нь нэг багц болдог. Математик, физик, англи хэл, монгол хэл, нийгэм, хими, биологийн хичээлийн сургалттай.
-Төлбөрийн мэдээлэл өгөөч?
-Нэг хичээлийн сургалтад хамрагдвал 150, хоёрынход бол 250, гурвынх нь 350 мянган төгрөгийн үнэтэй. Нэг багц буюу 36 цагийн агуулгыг ийм үнээр үзнэ гэсэн үг. Хоёроос олон хичээл сонговол хөнгөлөлт үзүүлж байгаа юм. -Хэр зэрэг хоцрогдолтой байгааг яаж тогтоох вэ?
-Шалгалт авна. Түвшнийг нь тогтоочихоод, хичээлээ зааж эхэлдэг.
-Сургалтад хамрагдсаны дараах үр дүнд баталгаа өгөх үү?
-Боломжгүй шүү дээ. Энэ нь зөвхөн биднээс хамаарахгүй, тухайн суралцагчийн идэвх зүтгэлээс шалтгаална. Манай багш нар хичээлээ аль сайнаараа заадаг.
-Тухайн нэг хичээлд үүссэн хоцрогдлыг нөхөхөд 36 цаг хангалттай юу?
-Үргэлжлүүлээд явж болно шүү дээ. Энэ бол багц цагийн тоо. Ингэхэд таны хүүхэд хэддүгээр анги, яг аль хичээлийн сургалт сонирхож байна вэ…
Фэйсбүүк дэх “Сургалтын төвүүдийн нэгдсэн холбоо” хэмээх бүлгэмд зар байршуулсан нэгэн сургалтын төвийн менежертэй холбогдож, дээрх мэдээллийг авлаа.
Математик, физик, англи хэлний хичээлийн хоцрогдол арилгах, түвшин ахиулах, ЭЕШ-д бэлтгэх сургалт явуулж буй өөр нэг төвийнхөнд дээрх асуултуудыг тавихад “Хоцрогдол арилгах, сурлагын түвшин сайжруулах нэг сарын сургалтын төлбөр 200, ЭЕШ-ынх 300 мянган төгрөг. Сард 36-40 цагийн хичээл үзнэ. Нэг удаагийн сургалт 90-120 минут үргэлжилнэ. Түвшин тогтоох сорил авсны дараа үзэх хичээлийнх нь төлөвлөгөөг гаргадаг. Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй, олон жилийн туршлагатай багш нар манай төвд бий. Сургалтын чанарын хувьд эргэлзэх зүйлгүй. Та хүүхдээ нэг сарын сургалтад хамруулаад үзээрэй. Илт сайжирна” хэмээн ухуулав. Математикийн хичээлийн хоцрогдол арилгах сургалттай “Дөмөн”-гийнхөн “Долоо хоногт гурван удаа, гурван цагаар хичээллэнэ. Төлбөр 200 мянган төгрөг” гэв.
Интернэтийн хайлтын системд “Хоцрогдол арилгах сургалт” гэсэн түлхүүр үг оруулахад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг газрын мэдээлэл ярайж байна. “Сургалтын төвүүдийн нэгдсэн холбоо” гэсэн бүлгэм ч ийм төрлийн зараар дүүрчээ. Байгууллагынхаа нэрийг “Хоцрогдол арилгах сургалтын төв” гэж өөрчилсөн нь ч олон. Тухайлбал, “TSL education center”, “Сурагч хөгжлийн төв”, “Кокоро”, “Ижил гараа”, “Шидэт томьёо”, “Тэгш өсөлт”, “Амжилтын түлхүүр” зэрэг газар жинхэнэ нэрээ цахим орчинд ийнхүү сольжээ. Зарим нь хоцрогдол арилгах, нөхөх гэдэг үгийг байгууллагынхаа нэрийн өмнө тодотгон “залсан” байх жишээтэй. “Хоцрогдол арилгах Тэнүүн сургалтын төв” гэх мэтчилэн. “Success” гадаад хэл, компьютерын сургалтын төв I-V ангийнханд математик, монгол хэлний хоцрогдол нөхөх хичээл зааж эхэлжээ. “Убко” хэмээх орос хэлний сургалтын төв “Бага ангийн сурагчдын математик, монгол хэлний хичээлийн хоцрогдол нөхөж, түвшин ахиулах сургалтад элсэлт авна” гэсэн зарыг цахим хуудсандаа байршуулсан байв. Орон сууцын хотхон, хорооллуудын цахим хуудсанд “Гэрээр хичээл заана”, “Хоцрогдол арилгана” гэсэн хувь хүмүүсийн зар олширчээ. Энэ бүхэн хоцрогдлоор далимдуулсан бизнес хаа сайгүй цэцэглэснийг, ийм төрлийн сургалт явуулдаг хувь хүн, байгууллага эрс олширсныг илтгэж байна. Тэр бүү хэл, “Хоцрогдол арилгах агентлаг” хэмээх сүржин нэртэй газар цар тахлын цаг үед (өнгөрсөн оны хавраас) үйл ажиллагаа явуулж эхэлжээ
.Нийтлэг жишгээс харахад, нэг хичээлийн хоцрогдол арилгах багц цагийн болон сарын сургалтын төлбөр 150-250 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин гэрээр сургалт явуулдаг хүмүүс 100-150 мянган төгрөгийн дундаж ханш тогтоожээ. Сургалтын төвүүд болон хувь хүмүүс “Хоцрогдлыг богино хугацаанд бүрэн арилгана, сурлагын түвшин ахиулна, чанартай сургалт санал болгож байна, хичээлийг шилдэг багш нар заана” гэх зэргээр сурталчилгаа, мэдээлэл түгээж, үйлчлүүлэгчдээ татдаг аж. Нийтлэлийн эхэнд дурдсан газар гэхэд “Хичээлийн хоцрогдлыг бүрэн арилгана” хэмээн зар оруулсан байв. Гэвч тэдний менежертэй ярилцахад тийм итгэл үнэмшил огт төрсөнгүй. “Ямар үр дүн үзүүлэх нь тухайн хүүхдээс шалтгаална. Хэр хугацаанд сургалтад хамруулах нь таны хэрэг” гэж үл ойшоосон хариулт өгсөн юм.
Ерөнхий боловсролын сургуулиудад ч ийм төрлийн шахааны бизнес гаарсан талаар эцэг, эхчүүд ярилаа. Жишээлбэл, 130 дугаар сургуульд гэхэд нэг хичээлийн хоцрогдол арилгах сургалтыг 50 мянган төгрөгөөр сурагчдадаа санал болгосон тохиолдол байна. Эцэг, эхийн зөвлөлийн хурлын үеэр нэгэн сургалтын төвийнхөн энэ талаар танилцуулга, мэдээлэл өгсөн бөгөөд олонх аав, ээж эсэргүүцсэн гэнэ. Үүнийг мэдээлсэн, тус сургуулийн VI ангийн сурагчийн аав “Эл сургалтын төвийнхөн хоцрогдол нөхөх хөтөлбөрийн хүрээнд БШУЯ-тай хамтран ажиллаж буй байгууллага гэж өөрсдийгөө танилцуулсан. Сургалтаа онлайнаар зохион байгуулна гэсэн учраас итгэл төрөөгүй. Үр дүнгүй нь ойлгомжтой шүү дээ. Хүүхдээсээ энэ талаар асуухад ийм сургалт өчнөөн байдаг гэсэн” хэмээн ярилаа. Харин Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөлөл Э “Охин минь ойрд янз бүрийн сургалтад хамрагдана гэж их ярьдаг боллоо. Найзууд нь нөлөөлдөг бололтой. Бас анги удирдсан багш нь сурагчдаа физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалтад хамрагд гэж ятгасан байна лээ. Найз нь тэнд багшилдаг гэнэ. Олон хүүхэд хамрагдахаар бол төлбөрийг нь хөнгөлүүлэх талаас нь ярья гэсэн юм билээ. Чанартай, үгүйг нь мэдэхгүй учраас зөвшөөрсөнгүй” гэсэн юм.
Хичээлийн хоцрогдол нөхөх зорилтын хүрээнд төрийн захиргааны байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын төвүүдтэй хамтран ажиллаж байгаа, эсэхийг БШУЯ болон нийслэлийн Боловсролын газраас тодруулахад аль аль нь үгүйсгэлээ. Сурагчдын хоцрогдлыг нөхөх гурван жилийн цогц төлөвлөгөөнд тусгаснаар бол тусгайлсан сургалт, дамжаа хичээллүүлэхээс илүү ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар, багш нарын заах арга зүйг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч, нэгж хичээлд ногдох хугацааг уртасгах, өмнөх агуулгуудыг сэргээх, давтах цаг бий болгох, тухайн улиралд үзэх хөтөлбөрийг сурагчдад хүртээмжтэй байдлаар нэгдсэн цахим системд байршуулах зэрэг ажил хийж байгааг нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийнхэн хэллээ. Тэгэхээр 130 дугаар сургуулийг онилсон сургалтын төвийнхөн БШУЯ-ны нэрээр түрээ барьж, сурагчид болон эцэг, эхчүүдийг хуурахаар санаархсан байж болзошгүй юм. Магадгүй тухайн сургуулийн удирдлага болон зарим багш, ажилтан тэдэнд ийм давуу эрх олгосон байхыг ч үгүйсгэхгүй.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиуд сүүлийн хоёр жилд алдаг оног хичээллэсэн. Сурагчид энэ хугацааны дийлэнхийг амралтын байдалтай өнгөрөөж, цахим, теле хичээлээр “гол зогоосон”. Алсын зайн сургалтын үр дүн хангалтгүй байсныг БШУ-ы ярьсайдаас эхлээд судлаач, мэргэжилтнүүд, жирийн иргэд, сурагчид хүртэл дуу нэгтэй хүлээн зөвшөөрч буй. Хичээлийн хоцрогдлыг нөхөхийн тулд цаашид 100 хувь танхимаар хичээллүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг салбарын сайд илэрхийлсэн. Гэтэл зарим сургалтын төв хоцрогдол арилгах сургалтыг онлайнаар зохион байгуулж байна. Тухайлбал, “Сумма” төв VI-XII ангийн сурагчдын математикийн хоцрогдол нөхөх 90-120 цагийн цахим сургалтыг 240 мянган төгрөгөөр санал болгожээ. Онлайн сургалтаас үүдэлтэй хоцрогдлыг онлайн сургалтаар нөхөх юм гэнэ. Цаг үеэ мэдрээгүй үйлчилгээ гэж үүнийг л хэлэх байх. Түүнчлэн I, II ангийн хичээлийн агуулгыг word, powerpoint, pdf хэлбэрт буулгаж, бага ангийн сурагчдын хоцрогдол арилгах хөтөлбөр хэмээн 5000-9000 төгрөгөөр худалдан борлуулж буй хүмүүс ч байна. Ийм зар хэд хэд харагдав.
Цар тахлаас улбаатайгаар боловсролын салбарт үүссэн доголдол, хичээлийн хоцрогдол сургалтын төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлж, заримыг нь өөр чиглэл рүү хөрвөхөд хүргэж, олон хүнд “бизнес хийх” боломж олгосныг дээрх жишээнүүд харуулж байна. БШУЯ-ныхныг хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх гэж жил дамнан мунгинаж суухад “сайн дурынхан” тэднээс урьтжээ. Сурлагын түвшин ахиулах, томоохон олимпиад, улсын болон ЭЕШ-д бэлтгэх сургалтын төвүүд хэзээнээс нааш үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэхдээ хоцрогдол арилгана гэсэн уриатай сургалтын байгууллага борооны дараах мөөг шиг ийм олноороо “хүч түрэн” гарч ирж байгаагүй юм. Ойн мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэхчлэн энэ дунд чанартай сургалттай нь ч бий, чанаргүй нь ч байгаа. Сургалтын үйл ажиллагааг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж хардаг байгууллага, хувь хүн ч цөөнгүй. Тэгэхээр иргэд, ялангуяа эцэг, эхчүүд “Богино хугацаанд хоцрогдол арилгана, түвшин ахиулна”, “ЭЕШ-д өндөр оноо авхуулах баталгаат сургалт явуулна” гэсэн “том” амлалт бүхий сурталчилгаа, мэдээлэлд шүүлтүүртэй хандах шаардлагатай тулгарлаа. Орчин нөхцөлийг нь бүрдүүлж чадсан хэн ч сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой, хүсвэл гэрээсээ ч, онлайнаар ч хичээл заах эрхтэй чөлөөт нийгэмд амьдарч байгаагийн горыг амсахгүй байх сонголт хүн бүхэнд бийг сануулъя.Огноо: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөрТендер шалгаруулалтын дугаар: Сургалт үйлдвэрлэлийн цогцолборын хичээл үйлдвэрлэлийн материалТендер шалгаруулалтын дугаар: ЭХХТ/202201030“Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хичээл үйлдвэрлэлийн материал нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:Багц ¹ 1: Кабель, гэрэлтүүлгийн материалБагц ¹ 2: ЭлектродБагц ¹ 3: Аргон хийБагц ¹ 4: Хавтан төмөрСонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд оролцохыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгжүүд нь оролцохыг хүссэн багц тус бүрд 50,000 /тавин мянган/ төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.Тендерийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутад нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй Дотоодын давуу эрх тооцох эсэх: ҮгүйУрьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45,“ЭХХТ”