Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2022 оны ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2021 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав танилцуулж, зөвлөлөөр хэлэлцэн батлав. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах чиглэлээр гүйцэтгэж буй ажлын явцын мэдээллийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан танилцууллаа. Манай салбарын шинэчлэлийн бодлогын гол цөм нь “Халамжаас-хөдөлмөрт” гэсэн зарчим байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр өөрийн мэргэжил, ур чадвартаа тохирсон хөдөлмөр эрхэлж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгч болгоход чиглэж байгаа. Эл бодлогын хүрээнд харьяа агентлагийн удирдлагууд онцгой анхаарал хандуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллахад манлайлах, хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал (DET) сургалтыг байгууллага, системийн хэмжээнд зохион байгуулж, албан хаагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах, олон нийтийг хамарсан арга хэмжээ болон сургалт, зөвлөгөөнийг дохионы хэлмэрчтэй зохион байгуулах, үйлчилгээний хүртээмжийн асуудалд анхаарахыг дэд зөвлөлөөс чиглэл болголоо.