“Анод” банкны захирлуудтай холбоотой хэргийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш гурван жил болж байна. 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр, Н.Даваа нарыг Ганцхудагт саатуулж, Эрүүгийн хуулийн 148,150,156 дугаар зүйл ангид заасан хэрэгт буруутган эрүүгийн хэрэгт татсан юм. Тэднийг хагас жил орчим хорьж, эрүүл мэнд нь эрс муудсан гэх үндэслэлээр батлан даалтад гаргасан ч төд удалгүй дахин цагдан хорьсон.
“Асар их мөнгөний асуудалтай холбоотой учир мөрдөн шалгах ажилд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж үзээд цагдан хорьсон” гэж Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийнхэн ярив. Өмгөөлөгч нар нь удаа дараа батлан даалтад гаргахыг хүсдэг ч хяналт тавьж буй прокурор зөвшөөрдөггүй аж. Олны анхаарал татсан энэ хэрэг одоо ямар шатанд байгаа, мөрдөн шалгах ажил дууссан эсэх, шүүх хурал нь хэзээ болох талаар сонирхлоо.
Н.ДАВАА ЗАЙСАНГИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
“Анод” банкны захирлууд яллагдагчаар татагдаад буй хэргийн мөрдөн шалгах ажил дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр наадмын дараахан Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Нийслэлийн прокурорын Хяналтын прокурор С.Хишигжаргал нарын гурван прокурор хэргийг хянаж эхлээд байна. Нийтдээ 28 хавтаст хэрэгтэй танилцана гэдэг амаргүй учир энэ хэргийг гурван прокурор хянаж байгаа аж.
Хэрэгт холбогдогчдыг цагдан хорьсон хэвээр байна. Харин ТУЗийн гишүүн асан Н.Даваагийн эрүүл мэнд тааруу байгаа учир тус газрын харьяа Зайсан дахь эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Арилжааны банкуудаас эхний дөрөвт жагсаж байсан “Анод” банкны удирдлагад энэ хэрэг хамаатай гэдэг ч мөрдөн байцаалтын явцад 15 хүн холбоотой болохыг тогтоон, прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Банк дампуурахад хүргэн, олон мянган хадгаламж эзэмшигчийн мөнгийг хууль бусаар ашиглаж, улсад 120 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хэргийн гэм буруутан нь хэн бэ гэдгийг тогтоох шүүх хурал удахгүй болох бололтой.
Х.Сүрэн