Баянзүрх дүүргийн IV хороонд онц ноцтой гэмт хэрэг гараад долоо хонож байна. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн гэмт хэрэгтнийг хоёр өдрийн дараа баривчилсан юм. Талийгаач Б, Ү, Д нарыг өнгөрөгч баасан гаригт нутаглуулжээ. Талийгаач Д-гийн найз Н (нэрээ нууцлахыг хүссэн юм) бидэнтэй цөөн хором ярилцлаа.
-Нэрээ нууцалж байгаагаас үзвэл та айдастай байгаа бололтой?
-Үнэхээр их айж байна. Өчигдөрхөн инээгээд л явж байсан хүн, өнөөдөр бусдад алуулчихлаа. Тэгээд бүр хүргэн болох хүн шүү. Гэмт хэрэгтний ах дүү, найз нөхөд нь энэ тухай ярилаа гээд амь насанд минь халдахгүй гэх баталгаа энэ нийгэмд алга шүү дээ. Би тэр аймшигт хэргийн тухай сонсоод үнэхээр итгээгүй. Хэрэг гарахаас гурван өдрийн өмнө байх, би гэрээр нь очсон юм. Бид гурав эртнээс биенээ мэднэ, олон жил нөхөрлөсөн найзууд. Залуу насаа дурсаж, баахан ярьж сууж байгаад салсан. Одоо ч итгэхгүй юм. Ийм бузар хэрэг хийдэг хүн байдаг юм байна.
-Таны найз хаана, ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Насаараа токарьчин хийсэн хүн. Сүүлд “Гоёо” компанид ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гэхдээ тэтгэвэрт гарлаа гээд зүгээр суугаагүй. Чаддаг зүйлээ хийж, мөнгө олдог байсан. Сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, олонтой хүн байсан юм. Охинтой нь үерхэж байсан залуу амийг нь хөнөөнө гэж хэн санах билээ.
-Эднийх хоёрхон хүүхэдтэй айл уу. Охин нь ямар ажил хийж байсан юм бол?
-Хүний амьдрал л болсон хойно асуудал олон шүү дээ. Энэ хоёр маань өмнө нь гэр бүлтэй байсан юм. Сүүлд нэг гэрт орсон хүмүүс. Талийгаач охин тодорхой ажил хийдэггүй, ойр зуурын наймаа хийдэг байсныг нь мэдэх хүний нэг. Тэд хаана танилцсан талаар би сайн мэднэ. Гэхдээ энэ талаар яримааргүй байна. Талийгаачийн ясыг өндөлзүүлэхийг монголчууд цээрлэдэг шүү дээ.
-Гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Б.Эрдэнэбилэгийн талаар та мэдэх үү?
-Сайн мэдэхгүй. Наадмын өмнөхөн шиг санаж байна. Манайх хүргэнтэй болох бололтой гээд хөөрчихсөн явж байсан. Наадмаар тэр залууг анх удаа харж, танилцсан. Гэтэл баяр хөөр болгон яриад байсан нөгөө хүн нь амийг нь хөнөөчихлөө.(уйлав) Хүн хүндээ итгэхийн арга алга даа гэв. Амьд үлдсэн 16 настай Б хүү АНУ руу явахаар болжээ. Түүний аав АНУ-д амьдардаг юм байна. Шоконд орсон хүүгээ сэтгэл санаагаар нь дэмжиж туслахаар аав нь хажуудаа авахаар болсон аж.
Б.Эрдэнэбилэгийг прокурор Ц.Насанбат батлан даалтад гаргажээ
Бямбасүрэнгийн Эрдэнэбилэг гэж хэн байв, урьд нь онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тэрбээр ямар үндэслэлээр, яагаад батлан даалтад гарав гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Б.Эрдэнэбилэг 2009 оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.11, 91.2.15-д заасан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байна. Тэрбээр гурван найзтайгаа архи ууж байгаад маргалдан, найз М-ийгээ зодож хүнд гэмтээгээд, хүлж орхисон аж. Тэгээд зогсохгүй гэрт нь очиж дүү Д-г нь зодож танхайраад ээжийг нь хүчирхийлсэн онц ноцтой хэрэг үйлдсэн аж. Түүнд зодуулан хүнд гэмтсэн М ухаан оролгүй, хүлээстэй чигээрээ амь насаа алдсан нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр нотлогджээ. Баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалдсан аж.
Нийслэлийн шүүх түүний үйлдсэн хэргийн зүйл ангийг нь өөрчлөн “Анхаарал болгоомжгүйгээс хүний амь хөнөөсөн” гэж үзжээ. Ингээд түүнд оноосон 23 жилийн ялыг 4.5 жил болгоод чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм байна. Онц хүнд гэмт хэрэг үйлдэн 23 жилийн ял сонсоод түүнийгээ 4.5 жил болгоно гэдэг байж боломгүй хэрэг. Гэтэл зүйл ангийг нь өөрчлөн, ялаа хасуулж чадсан нь хэргийг мөрдсөн цагдаагийн ажилтан, хяналт тавьсан прокурор, шүүгч нар яагаад ийм шийдвэр гаргав, тэдэнд юу нөлөөлөв гэж хардахад хүргэж байна. Гэр бүлийн гурван хүний амь нас хөнөөхдөө Б.Эрдэнэбилэг өмнө нь хүн алсан аргаа хэрэглэсэн талаар цагдаагийнхан өгүүлэв. Талийгаач Д-гийнд ороод түүнийг хүлж байгаад зодож хүний амь нас хөнөөн, хүчирхийлсэн байх юм. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Б.Эрдэнэбилэгийн хэргийг Дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Дээрх гэмт хэргийг үйлдсэн тэр өдөр түүний хэргийг Баянгол дүүргийн шүүх хэлэлцэх байжээ. Шүүх хуралд хохирогчийн ар гэрээс хүн ирээгүй учир хойшлуулсан байна. Тэр шөнөдөө Б.Эрдэнэбилэг дээрх аймшигт хэргийг үйлджээ.
Нийслэлийн шүүхийн хяналтын прокурор Ц.Насанбат онц хэрцгий аргаар хүний амь нас хөнөөсөн хэрэгтнийг батлан даалтад өгчээ. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнийг яагаад батлан даалтад гаргасан талаар түүнээс тодрууллаа.
-Таны батлан даалтад гаргасан Б.Эрдэнэбилэг дахин гурван хүний амь насыг хөнөөснийг та дуулаа байлгүй?
-Баянзүрх дүүрэгт гарсан онц ноцтой хэргийн талаар болон сэжигтнээр шалгаж буй Б.Эрдэнэбилэгийн талаар хэргийн газарт очсон прокурор надад хэлсэн.
-Найзыгаа хөнөөж, ээжийг нь хүчирхийлсэн хэрэг үйлдсэн хүнийг та яагаад батлан даалтад гаргасан юм бэ?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69.3-т Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашидхорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэрэгт дөрвөн сараас, хүнд гэмт хэрэгт 12 сар, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй гэсэн заалт бий.
Б.Эрдэнэбилэгийн энэ хугацаа нь дуусаж цагдан хорих уу, таслан сэргийлэх өөр ямар арга хэмжээ авах тухай шийдэх хэрэгтэй болсон. Мөн хуулийн 69.10-т сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ шүүгч шаардлагатай гэж үзвэл, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулна гэснийг үндэслэн хүсэлтийн дагуу ар гэрийнх нь батлан даалтад өгсөн.
-Хэн түүнийг батлан даасан юм бэ. Батлан даалтад гаргасан хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад хэн хяналт тавих ёстой вэ?
-Ар гэрийнхэн нь батлан даалтад авсан. Тэд гэмт хэрэг үйлдүүлэхгүй, хууль дүрэм зөрчүүлэхгүй байхад нь анхаарч, батлан даагч байх учиртай.
Х.Оюунсүрэн