Өнөөдрийн байдлаар Украин Улсад 22 монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна.
Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 41 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирж яваа гэдэг тайлбар мэдээллийг албаныхан өглөө. Яг хэдэн оюутан эх орондоо ирсэн талаар тодорхой тоон мэдээлэл гараагүй бөгөөд Укрианд болж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Гадаадад харилцааны яамны удирдлагууд хуралдаж байна. Харин байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн одоогоор алга.
Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч буй.
Украин Улсад оршин суугаа монгол иргэд хэрвээ ЭСЯ-ндаа бүртгүүлээгүй бол tuvshin@ambasadamongolii.pl цахим шуудангаар бүртгүүлэх шаардлагатай бөгөөд туслалцаа, зөвлөгөө хэрэгтэй болсон тохиолдолд ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.
Мөн түүнчлэн, Украин Улс руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна.