Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан Хөгжлийн банкнаас улстөрчид, тэдний танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн зээл авсан, барьцаа хөрөнгө нь шаардлага хангахгүй зэрэг шалтгаанаар олон компанийн үйл ажиллагааг хязгаарлаж эхэллээ. Тэдний дунд зээлээ зориулалтын дагуу зарцуулж, импортыг орлох, цаашлаад экспортод гаргах боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниуд ч багтсан. Тодруулбал, “Монполимет”, “МАК цемент”, “Протейн” ясны үйлдвэр зэрэг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний баялаг бүтээгчид ч орсон юм. Дээрх банкнаас зээл аваад малын гаралтай био хаягдлыг боловсруулан, стратегийн ач холбогдол бүхий, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй яс боловсруулах “Протейн” үйлдвэрийг сурвалжиллаа.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ ХАНГАСАН ТЕХНОЛОГИ ЯС ШАТААХААС ТЭС ӨӨР
Түүхий эдийн төвлөрсөн зах “Эмээлт”-д наанаа монгол эзэнтэй ч цаана нь өмнөд хөршийн иргэд нуугдаж, нутаг руугаа мах экспортолдог үйлдвэрүүд олон. Тэндээс маш их хэмжээний хог хаягдал гардаг бөгөөд тэд үүнийгээ ил задгай хаяж, эсвэл газарт булдаг байв. Энэ нь хөрс, ус бохирдуулах замаар байгаль орчныг сүйтгэж, халдварт өвчин үүсэх, тархаах гол үндэслэл болдог. Харин тэдний хаягдлыг авч боловсруулан тэжээлийн уураг, бордоо, тос зэрэг импортыг орлох, экспортод гаргах боломжтой олон улсын стандартад нийцсэн үйлдвэр нь “Протейн” яс боловсруулах юм. Энэ үйлдвэрт Италиас технологи, тоног төхөөрөмжийг нь авчран суурилуулсан аж. Тодруулбал, 24 улсын 100 гаруй үйлдвэрт тоног төхөөрөмжөө нийлүүлсэн, Европын Холбооны улсуудын дагаж мөрддөг стандартуудад нийцсэн “Impianti Carrera” гэх компанийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр малын гаралтай яс, дайвар бүтээгдэхүүн зэрэг био хаягдлыг боловсруулж буй юм.
Боловсруулах үйлдвэр гэхээр химийн бодис ашигладаг, элдэв үнэр гаргадаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж бодох нэгэн бий. Харин 2019 оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн уг үйлдвэр түүхий эдээ боловсруулахдаа хүртэл байгаль орчинд сөрөг нөлөө огт учруулдаггүй аж. “Протейн” үйлдвэр хоногт 100 тонн малын яс, цус, дайвар хаягдал боловсруулах хүчин чадалтай бөгөөд ямар ч хог хаягдал гаргадаггүйгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, хаягдлыг 100 хувь боловсруулж, тэжээлийн уураг, бордоо, тос үйлдвэрлэдэг гэсэн үг.
Сурвалжлахаар очсон бидэнд “Протейн” үйлдвэрийн ерөнхий инженер А.Оджавхлан үйл ажиллагаагаа танилцууллаа. Тэрбээр “Манай үйлдвэр өнөөдөр хүчин чадлынхаа 20 хувиар л ажиллаж байгаа. Учир нь бидний боловсруулсан бүтээгдэхүүнийг цар тахал, малын өвчнөөс шалтгаалж гадаадад гаргах хугацаа хойшлогдсон. Жилд 36 000 тн түүхий эд хүлээн авч, бүгдийг нь дахин боловсруулснаар 12 000 тн амьтны тэжээлийн уураг, органик бордоо, 6000 тн малын гаралтай тос үйлдвэрлэх бүрэн боломжтой” гэлээ.
Хашаагаар нь ороход үйлдвэрийн байрны гадна их хэмжээний яс овоолсон, барилгын баруун хэсгийн том агуулахад ч хаягдал яс цуглуулсан нь харагдаж байв. Тэр их ясыг агуулахад ковшоор түрж оруулан бутлагч машин руу хийдэг юм байна. Тэнд 5-6 см-ийн урттай буталж хэсэглэн, 140 градусын температурт 30 минутаас багагүй хугацаанд боловсруулж байсан нь сонирхол татлаа. Ингэж боловсруулснаар бактери, нян, вирусийг 100 хувь устдаг талаар ажилтнууд нь хэлсэн юм.
ҮЙЛДВЭРЛЭСЭН ТОС НЬ ХАДГАЛАХ САВНААСАА ХАЛЬСААР
Энэ үйлдвэрээс дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гардгийн нэг нь малын гаралтай тос юм. Үйлдвэрлэлийн процессын хувьд боловсруулсан түүхий эдээ шахагч машинд конвероор дамжуулан хийж тосыг нь гаргаж авдаг байна. Ийнхүү гаргаж авсан тос нь бүх төрлийн шатах, тослох материал, лаа болон саван, нүүрний тос, шампунь зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болж 20 гаруй төрлийн үйлдвэрлэл бий болгодог аж. Харамсалтай нь цар тахлын улмаас хил хаалттай, хоёр хөршийн холбогдох байгууллагууд албан ёсны зөвшөөрөл олгоогүй тул экспортод гаргах ажил удааширчээ. Уг тос нь дэлхийн зах зээлд өндөр үнэтэй, эрэлттэй байдаг учраас манай улс стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийхээ тоонд оруулан экспортлох ажлыг дэмжих шаардлагатай санагдав.
Түүнчлэн энэ тосыг дотооддоо утааны эсрэг бүрэн ашиглах боломжтой юм билээ. Алматы болон Истанбул хот нүүрсийг шатаахдаа хурдан ноцоогч хэрэглэдэг гэдэг. Нүүрс хурдан асах тусам утаа төдий чинээ буурдаг аж. Дээрх хотууд хурдан ноцоогчийг малын гаралтай тос ашиглан хийснээр утаа багассан аж. Тэгэхээр бидэнд ч бас ийм боломж байх нь. “Мод шатааж байхын оронд хурдан ноцоогч хэрэглэвэл байгальд ч, эдийн засагт ч эерэг нөлөөтэй” гэж үйлдвэрийн ажилтнууд хэлсэн юм. Нэг шуудай модыг 7000-8000 төгрөгөөр авахын оронд “Түргэн ноцоогч”-ийг хэрэглэх нь утааны асуудлыг шийдэх томоохон гарц гэж Улаанбаатарын утаан дунд амьдарч буй сэтгүүлч миний хувьд үзэж байна. Хэрэв энэ ажил биеллээ олбол утааг багасгахын тулд шахмал түлш үйлдвэрлэж байгаа төрийн үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирч, иргэд бидний эрүүл мэндэд учирч буй тоо томшгүй сөрөг нөлөөлөл багасах чухал ач холбогдолтой.
“ТЭРБУМ МОД” ХӨТӨЛБӨРТ НЭМЭРТЭЙ ОРГАНИК БОРДОО ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
“Протейн” үйлдвэрийн бас нэгэн бүтээгдэхүүн нь “БОНА” нэртэй органик бордоо. Манайд ихээр ашигладаг азотын, гумины зэрэг импортын бордооноос “БОНА” нь илүү үр дүнтэй, хөрсийг нөхөн төлжүүлэн, үржил шимтэй болгож, түүн дээр ургах бүх төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мод, ургамлыг 2-3 жил тэтгэх замаар гарцыг нь нэмэгдүүлдэг юм байна.
Үйлдвэрийн технологич Г.Ундрах-Уянга “Эрдсийн буюу азотын бордоо нь химийн найрлагатай бөгөөд хөрсөнд ургасан аливаа ургамалд сөргөөр нөлөөлж, улмаар хүний генд өөрчлөлт оруулдаг тул олон улсад энэ төрлийнхөөс татгалзах хандлагатай байгаа. Манай улс жил бүр 152 000 тн бордоо ашигладаг. Үүний 82 хувийг импортын бордоо эзэлдэг бөгөөд энэ нь 35.6 сая ам.доллартай тэнцдэг. Нийт импортын бордооны 84 хувийг азотын болон гуминых эзэлж байгаа. Манай үйлдвэрийн бордоог уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалт, газар тариалан, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цэцэрлэгжүүлэлтэд ашиглах боломжтой” хэмээсэн юм.
Уул уурхайн үйл ажиллагаанаас болж халцгай болсон газрууд, цөлжилтөд өртсөн бүсүүдийг моджуулахад “Протейн” үйлдвэрийн органик бордоог хэрэглэх нь зүйтэй санагдав. Түүнчлэн төр засаг санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөтөлбөрт уг бордоог ашиглах нь модны өсөлтийг хурдасгах, амьдрах чадварыг сайжруулах, хөрсийг нь тэтгэх чухал ач холбогдолтой болохыг холбогдох байгууллагынхан анхааралдаа авна гэдэгт найдаж байна.
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХЫН ТУЛД ОРГАНИК ТЭЖЭЭЛ ХЭРЭГЛЭХ НЬ ЧУХАЛ
Тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж байхад хашаагаар бүхээгтэй хүнд даацын ачааны автомашиныг нэвтрүүлсэн юм. Улмаар үйлдвэрийн хаалганы дэргэд зогсоход ажилтнууд гарч уулзаад, “Баян” өндөгний аж ахуйнхан уураг авахаар иржээ” хэмээв. Төмөр, кали, кальци, натри, фосфор, магни зэргийн агууламж өндөртэй гэж хэлж болох уургийг НВЦ компанийн “Баян” өндөгний аж ахуйгаар тогтохгүй өөр олон компанийнхан авдаг юм байна.
НВЦ компанийн жолооч Э.Мөнхсайхан “Манай компани долоо хоног бүр ирж уураг авдаг. Энэ удаа би 14 тонн уураг ачуулж байна. “Протейн” үйлдвэрийн уураг бол маш өндөр агууламжтай учраас үндэснийхээ үйлдвэрийг ч дэмжих ач холбогдолтой. Мөн гадаадаас импортолсон уургаас илүү чанартай байдаг. Тэгээд ч импортын уургаас хямд үнэтэй. Эдний уураггүй бол тахианууд тэжээлээ голоод иддэггүй юм. Энэ компанийн гаргаж буй уургийг хэрэглэснээр өндөгний хальс бэхжиж, хэмжээ томорсон гэдгийг манайхан бүгд хэлдэг” гэж ярив. Өндөгний дээрх аж ахуйгаас гадна “Түмэн шувуут”, “Бөднө шувуут”, гахайн “Гранд пиглет”, “Астра интернэйшнл”, загасны “Фор ви ар грийн” компанийнхан “Протейн” үйлдвэрийн уургийг авч амьтдынхаа тэжээлд нэмж өгдөг юм байна.
“Протейн” үйлдвэрийн мах, ясны тэжээлийн уураг нь гахай, тахиа, загас зэрэг дотоодын фермерийн аж ахуйнуудын сайн мэдэх бүтээгдэхүүн болсон аж. Эл уураг нь амьтанд өгөх нийт бүтээгдэхүүний 10 хувьд орох гол орц найрлага гэнэ. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн 100 хувь органик бөгөөд генийн өөрчлөлтгүй, химийн найрлагагүй тул хүнсний аюулгүй байдлыг хангах замаар хүний эрүүл мэндийг хамгаалдаг байна. Тиймээс дэлхийн улсууд уг бүтээгдэхүүнийг стратегийн хувьд өндөр ач холбогдолтой гэж үздэг юм билээ. Биднийг тус үйлдвэрээс сурвалжилга бэлтгэж байхад “Зүүнхараагаас явж байна” хэмээсэн 2-3 хүн жийпнийхээ тээшинд нэлээд олон шуудай (нэг шуудайнд 30 кг байдаг) уураг ачаад нутгийн зүг хөлгийн жолоо залахдаа “Протейн” үйлдвэрийнхэнд бүтээгдэхүүн байнга худалдан авахаа илэрхийлсэн юм. Бүтээгдэхүүнийг нь ийнхүү хувь хүн, аж ахуйн нэгжүүд их, бага хэмжээгээр худалдан авч, ам сайтай байна.
МАЛЫН ГАРАЛТАЙ ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР САЙН АЖИЛЛАХЫН ХЭРЭЭР БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛНА
Үйлдвэрийн барилгын зүүн талын хаалгаар нь уураг худалдан авсан хүмүүс бараагаа авч, ачуулж байхтай зэрэгцээд баруун талын хаалгаар нь “Майти” болон “амьжиргаа цагаан” гэж нэрлэдэг бага оврын ачааны машинтай хүмүүс малын яс буулгаж байв. Тэдэнтэй уулзахад “Махны үйлдвэрүүдээс гарч буй хаягдал ясыг энэ үйлдвэрт бид тээврийн болон цаанаас авч буй зардлаа оруулан үнэлж өгдөг. Тонн, тонноор нь булж, байгаль орчин бохирдуулж, ирээдүйд хөрс, усыг ч хордуулж болзошгүй хаягдлыг ийнхүү боловсруулж, хаягдал гаргахгүй болгоно гэдэг нь үр хойчдоо бид унаган байгалиа тэр чигээр нь үлдээхэд тус нэмэртэй гэж боддог хэмээж байв. Тэдний нэг “Майти”-гийн жолооч Т.Отгонбаттай уулзахад “Би “Эмээлт” орчмын махны үйлдвэрүүдийн хог хаягдал буюу яс, гэдсийг нь цуглуулж энэ үйлдвэрт авчирдаг юм. Энэ үйлдвэр бол маш хэрэгтэй. Яг одоо 8-9 тонн хаягдал яс буулгаж байна. Өдөрт нэгээр тогтохгүй удаа ирж махны үйлдвэрүүдээс гарч буй ясыг нь энд өгдөг. Зөвхөн “Эмээлт” орчмоос гэхэд ачаалал ихтэй үед 15 тн-ын даацтай ачааны машинаар өдөрт 10-15 удаа хаягдал яс хүргэж ирэх тохиолдол бий. “Хүчит шонхор” болон хотын бусад газарт байрладаг махны үйлдвэрээс маш их хэмжээгээр хаягдал яс гардаг юм гэсэн. Түүнийг нь ганц энэ үйлдвэр л боловсруулж бүтээгдэхүүн гаргаж байгаа. Ер нь хөдөө малчид малын ясаа булж хаяж байхаар энэ үйлдвэрт нийлүүлэх юм бол байгаль экологид ч хэрэгтэй. Хөрс, ус бохирдоод байна гэж зурагтаар байнга л ярьдаг. Ингэж бохирдуулахад малын хаягдал яс, гэдэс нь ч нөлөө үзүүлдэг гэж би боддог. Бой хийгээд гэдэс, дотрыг нь шууд л газарт булж байгаа явдал их шүү дээ. Энэ үйлдвэр малын гэдэс, өөхийг нь ч авч боловсруулдаг юм. Булж хаяж байхаар энэ үйлдвэрт нийлүүлээсэй. Малын хаягдал яс, гэдэс дотрыг нь боловсруулах ийм л үйлдвэр Монголд маш их хэрэгтэй гэж боддог” гэж ярьсан юм.
Монгол Улс 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 67.3 сая гаруй толгой малтай хэмээн статистикийн байгууллагаас зарласан. 70-аад сая толгой малынхаа 20-иод саяыг нь нэг жилд хүнсний хэрэгцээндээ болон экспортлоход зориулан нядалдаг гэдэг. Малчид, иргэд нядалж буй малынхаа гэдсийг нь чанаж, толгой, шийрийг нь хуйхлан иддэг боловч экспортлох зорилгоор, эсхүл хүнсний захад худалдахаар бөөнөөр нь муулсан малын гэдэс дотор, толгой шийр, яс цусыг нь байгальд хаячихдаг гэхэд хилсдэхгүй. Малын эдгээр бүтээгдэхүүнийг хаяснаар байгальд 600 000 тн хаягдал шууд булж байж. Ингэснээр хөрс, газрын гүний ус асар их хэмжээгээр бохирдож, цаашлаад халдварт өвчин дэгдэх, тархах ч эрсдэлийг өдүүлж буй. Малын гоц халдварт галзуу, шүлхий гээд манай оронд байнга гарч байдаг өвчний үүсгэгч нь малын сэг, зэмээ хээр хаядаг, эсвэл гуу жалганд булдагтай холбоотой байх магадлал өндөр. Тэгвэл “Протейн” үйлдвэр мал аж ахуйгаас гарч буй хаягдлын боловсруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулан, хүлэмжийн хийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, газарт булсан, ил задгай хаясан био хаягдал илжирч муудан ойр орчимдоо тэсэхийн аргагүй үнэр гаргахаас гадна хүлэмжийн хий асар их ялгаруулдаг. Үүнийг “Протейн” үйлдвэрийнхэн байгаль орчинд ээлтэй байдлаар шийджээ. Иймд “Протейн” шиг үйлдвэрийн тоог олшруулах нь зүйтэй санагдана.
“АЛСЫН ХАРАА-2050”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЭНЭ ҮЙЛДВЭРИЙН ОРОЛЦОО ИХ
“Протейн” үйлдвэрийн тэжээлийн уураг болон тос, органик бордоо зэрэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн процесс нь дэлхий нийтээр баримталж буй “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын бусад баримт бичгийн хэрэгжилтийг хангахад нийцэх юм билээ. Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох “Алсын хараа-2050” хэмээх баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан, олон эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор баталсан. Уг баримт бичигт “2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд бага нөөцөөр хаягдал багатай, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлагад нийцсэн шинжлэх ухаан, технологийн ололтыг хүнс тэжээл, биотүлш, биоматериал, эм, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг биотехнологийн үйлдвэрлэлд ашиглах гадаадын хөрөнгө оруулалт, технологи дамжуулалтыг өргөжүүлнэ” гэж заасан. Тэгвэл хаягдал яс боловсруулах дээрх үйлдвэр энэ зорилтод бүрэн нийцэж байгаа юм. Түүнчлэн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-д тусгасан бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжиж байгаа төдийгүй Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх давуу талтай.
Мөн энэ үйлдвэрийн органик бордоог хөрсний нөхөн сэргээлтэд ашигласнаар уур амьсгалын өөрчлөлтөд өртсөн хөрсний доройтлыг бууруулж, газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэлийг багасгах боломжтой аж. Түүгээр ч зогсохгүй уг бордоо нь импортыг орлож, хүн амыг эрүүл хүнсээр хангах давуу талтай нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлд тусгасан арга хэмжээнүүдтэй нийцэж буй юм. Бас хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дахин боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг ч бүрэн хангаж байна.
“Протейн” үйлдвэрийг үүсгэн байгуулагч Н.Оюунбаттай уулзаж Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар тайлбар сонслоо.
-Хөгжлийн банкнаас авсан зээл нь чанаргүй гэх ангилалд танай компанийг оруулсан байсан. Бүтээн байгуулалтаа хийчихээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйг бид газар дээр нь сурвалжиллаа. Гэтэл яагаад Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч гэсэн ангилалд орчихов.
-Энэ үйлдвэрийг анх малын гаралтай био хаягдлыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах зорилгоор байгуулсан. 2015 оноос судалгаа хийж, энэ төрлийн үйлдвэрлэлийн технологиороо дэлхийд гуравт ордог Италиас тоног төхөөрөмж авахаар болсон юм. Гэтэл төсөөлж байснаас хэтэрхий өндөр үнэтэй төдийгүй зарим улсад хувийн хэвшил биш, төрийн байгууллагаас бодлогоор дэмжин хэрэгжүүлдэг болохыг олж мэдсэн л дээ. Тиймээс Хөгжлийн банканд хандан хоёр жилийн турш холбогдох баримт бичгийг бүрдүүлсний эцэст 2017 оны есдүгээр сард 18 тэрбум төгрөгийн зээл иенээр тооцон авсан юм. Ингээд хоёр жилийн дотор үйлдвэрээ барьж, 2019 оны хоёрдугаар сард нээлтээ хийж байв. Удалгүй “Ковид-19” цар тахал дэгдэж, нээлтээ хийгээд удаагүй үйлдвэр маань хаалгаа хэд хэдэн удаа барьсан. Энэ нь зээлийн эргэн төлөлтийг хожимдуулахад хүргэсэн.
Манай үйлдвэр дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортлох зорилготой тул бид хоёр хөрш рүү бүтээгдэхүүнээ гаргахаар холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд байсан юм. Манай МХЕГ зөвшөөрөл өгсөн хэдий ч “Ковид-19” цар тахлын улмаас БНХАУ, ОХУ-ын холбогдох байгууллагууд бараа хүлээн авч, судлах хугацааг хойшлуулсаар байна. Эдгээр зөвшөөрөл эхнээсээ гарвал хөрш орнуудын төдийгүй Италийн “Sapi” гэх групп ч хамтран ажиллахаа илэрхийлсэн.
-Зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар Хөгжлийн банкныхантай уулзаж байв уу?
-Хөгжлийн банкныхантай зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулах хүсэлтэйгээ хэлж байсан. Гэхдээ мөн л цар тахлын асуудлаас шалтгаалаад тэр бүр биечлэн уулзаж чадаагүй. Гэсэн хэдий ч үйлдвэрлэсэн уургаа гахай, тахианы аж ахуйнуудад нийлүүлж олсон орлогоосоо зээлээ бага багаар төлж барагдуулж байсан. Иений ханшийн зөрүүгээс болоод бид үнэ тарифаа нэмэх гэхээр манайд үйл ажиллагаа явуулж буй гахай, тахианы аж ахуйнууд худалдан авч хүчрэхгүй болно. Уг нь дэлхийд байхгүй хямд үнээр уураг, тос, бордоо гаргаж, нийлүүлж байгаа л даа. Мөн манай улсын үнэ тогтворжуулах бодлогын хүрээнд бид инфляцаас хамааран үнээ нэмж чадахгүй байв.
-Ясны үйлдвэр барихад 18 тэрбум хэтэрхий их мөнгө гэж үзэх хүмүүс байна л даа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Манай үйлдвэр хүмүүсийн хэлээд байгаа шиг хэдэн яс шатаагаад л болчихдог, жижиг цех биш. Технологийн хувьд манай үйлдвэр байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, эдийн засгийн хэмнэлттэй, хог хаягдлыг бүтээгдэхүүн болгодгоороо онцлог. Тиймээс технологийн хувьд байгальд сөрөг нөлөөтэй, чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бусад үйлдвэрээс өөр.
Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах талаас нь төр засгийн хэмжээнд хөөцөлдвөл үр дүнд нь олон улсаас ахиухан “ногоон” эх орондоо авчирч болмоор санагдана. Түүнчлэн энэ үйлдвэр нь хөрс, усыг бохирдуулж, элдэв халдварт өвчинг үүсгэх, тархаах аюултай малын гаралтай био хог хаягдлыг боловсруулан, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохоор ажиллаж байгааг харахад бахархах сэтгэгдэл төрсөн юм.
Бэлтгэсэн Г.Равжаа