Зайсан дахь хорих 411 дүгээр ангиас зургаан хүмүүжигч хүүхэд оргож, орон даяар эрэн сурвалжилж олныг сэрдхийлгэсэн. Тэдний хоёрыг нэлээд удаан хугацаанд хайсны эцэст олсон. ШШГЕГ-аас тус хорих ангийн удирдлагыг халах хүртэл ар га хэмжээ авсан ч байдал дээрдсэнгүй. Учир нь энэ сарын 1-нд тус ангийн бас нэг хүүхэд гадуур ажил хийж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс оргожээ. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулах гэсэн боловч хариуцсан албаны хүн нь ээлжийн амралттай гэх шалтгаанаар мэдээлэл өгсөнгүй. Оргодол Б нь өнгөрөгч гуравдугаар сард Баянгол дүүргийн шүүхээс залилангийн хэргээр гурван жил гурван сар хорих ялаар шийтгүүлсэн аж. Тэрбээр жирийн дэглэмд ял эдэлж, өнгөрсөн долдугаар сараас нэгэн барилгын компанид туслах ажил хийж байгаад оргожээ.