Нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн, холоос ирж, очдог сурагчдыг гэр, сургуулийнх нь хооронд автобусаар зөөдөг болсон. Гурав дахь хичээлийн жилдээ сурагчдад ийнхүү үйлчилж буй бөгөөд эрэлт нэлээд ихтэй байдаг юм билээ.
Сургуулиудын зүгээс төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудад хандан “Автобус нэмэх боломжтой юу”, “Чиглэлд өөрчлөлт оруулж болох уу”, “Манай сургуулийг хамруулж өгнө үү” гэх зэргээр асуудаг аж. Гэвч одоогоор тэдний хүсэлтийг биелүүлэх боломж алга. Учир нь тендерт шалгарч, гурван жилийн хугацаанд 200 автобус нийлүүлэх үүрэг хүлээсэн “Моннис моторс” ХХК-ийнхан “Нээлтийн ёслол”-ын таваас гадна нэгийг ч оруулж ирэлгүй өнөөг хүргэжээ. Уг нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бол даруй 70-ыг үйлчилгээнд явуулж байх хугацаа хэдийнэ өнгөрчээ. Энэ талаар тус компаниас хариу хайсан боловч дорвитой мэдээлэл өгсөнгүй.
Нийслэлд өнөөдрийн байдлаар 23 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл Буянт-Ухаа, Таван шар, Ботаник гэх зэрэг 14 цэгээс сурагчдыг авч, хүргэж буй аж. Өдөрт үйлчлүүлдэг хүүхдийн тоо хэлбэлзэж байдаг бөгөөд дунджаар 6000 орчим сурагч зорчдог гэнэ. Тээврийн хэрэгсэл нэмэх шаардлагатай гэж хаана, хаанаа дүгнээд буй. Харамсалтай нь 2020 оны аравдугаар сарын 14-нд нийслэлийн төв талбайд хүлээн авах ёслол зохион байгуулан “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-т хариуцуулсан таван автобусыг замд нь гаргаснаас хойш энэхүү төслийн хүрээний парк бүрдүүлэлтэд хэн нэгэн санаа тавиагүй мэт. Тухайн үед “Моннис моторс” ХХК-ийн захирал Г.Мөнхбаатар “Манай компанийн зүгээс өөрсдийн нийлүүлсэн автобусны үйлдвэрийн баталгааг гурван жил хариуцах нөхцөлтэй. Албан ёсоор гэрээ байгуулж засвар үйлчилгээг бид хийж явна. Автобусуудыг 10 жил ашиглах боломжтой. Энэ хугацаанд үзлэг, оношилгоо, засвар, үйлчилгээ хийх 10 механик инженерийг тусгайлан бэлтгэсэн. Тэд тус бүртээ засварчин, механикуудыг дагалдан сургаж, цаашдаа бүх үйлчилгээг нь хариуцах юм. Цалинг нь манай компаниас гаргана. Энэ бол бүхэлдээ нийгмийн төсөл. Үүнийг хэрэгжүүлэхийг бид өөрсдийн нийгмийн хариуцлагаа гэж ухамсарлаж байгаа. Түүнээс бизнес болгож ашиг хараагүй. Нэг автобусны тээвэр, баталгаат засвар, үйлчилгээ, санхүүжилтийн зардал шингэсэн үнэ 270 сая төгрөг. Энэ үнийг бид гурван жил мөрдөх үүрэг хүлээсэн” хэмээн ярьж байсан юм. Эндээс харахад тус компанийн зүгээс эхэндээ “Хүүхдийн автобус”, зарим тохиолдолд “Сургуулийн автобус” ч гэж ярьдаг уг төсөл, тендерт тун ажил хэрэгч мэт, хурдан шаламгай хандаж байжээ. Гэтэл өдгөө гурав дахь хичээлийн жилд, олон сургуулийн зүгээс төсөлд хамруулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлэх болсон энэ цагт сурагчдыг зөөх унаагүй байдалд оруулчихсан байх нь томоохон зөрчил, тендерээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үзүүлэлт болж байна бус уу.
“Моннис моторс” ХХК яагаад таг болов. Нийслэлийн ЗДТГ-аас мөн юуны учир ямар нэгэн тайлбар хийлгүй удав. Асуудал хөндөн, судлах үед тус газраас хариу өгөх хүн олдох янзгүй байсан юм. Цаашид яах юм бол. Нийслэлээс хэдий хэрийн хөрөнгө төсөвлөсөн ажил вэ. Төсөл хаанаа гацав.
“Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлэхийн нэгээхэн зорилго нь хотын түгжрэлийг бууруулах гэж буй юм. Үүний зэрэгцээ нийгмийн ач холбогдолтой гэж үздэг. Хүүхдүүд нэг унаагаар хамтдаа зорчсоноор илүү нийгэмших, хоорондоо нөхөрлөх боломж бүрдэнэ. Амьжиргааны түвшний ялгаатай байдалд хүүхдүүд анхаарах нь багасна. Хүргүүлж ирсэн машиныхаа үнэ, өнгө үзэмжийн ялгаа гаргадаг байдал арилах гэх зэрэг давуу талтай энэ төслийн үр дүнд эцэг, эхчүүд ч бас суралцаж, хандлагаа өөрчилж, сургуулийн автобусанд найддаг болно хэмээн тооцоолсон байдаг. Нийгмийн ач холбогдолтой энэ төсөл, түүнд зарцуулахаар төлөвлөсөн төсвийн хөрөнгийн талаар нийслэлийн ЗДТГ-аас ил тод мэдээлэх буй за.
Сургуулийн автобус явуулж байхын ач холбогдлын талаар энд дурдлаа. Төсөл санаачлах, хэрэгжүүлэх, харьяа байгууллагууддаа үүрэг, даалгавар өгөх нэг хэрэг. Нийслэлийн Нийтийн тээврийн газарт уг төслийн талаарх ярианы өнгө баргардуу байх юм. Нийтийн тээврийн үйлчилгээг хэрхэн хэвийн явуулах талаар “тархиа гашилгаж” байдаг тус газрынханд хүүхдийн автобусны үйлчилгээг зохицуулах нь үнэндээ л илүү ачаалал болдог гэнэ. Тэднийхэн нийслэлийн Боловсролын газраас гаргаж өгсөн, Ботаникаас нэгдүгээр сургууль, Нисэхээс тавдугаар сургууль руу гэх зэргээр тодорхойлсон маршрутын дагуу сурагчдыг зөөх үүрэг даалгаврыг хамтран ажилладаг автобус үйлчилгээний аж ахуйн нэгжүүдэд өгдөг юм байна. Сурагчдыг 100 хувь танхимд хичээллүүлж эхэлсэнтэй холбоотойгоор зорчих хүүхдийн тоо эрс нэмэгдсэн ч унааны тоог ахиулах боломж байхгүйн гачлан нүүрлэжээ. Аж ахуйн нэгжүүд шинээр худалдаж авах гэхээр тээврийн хэрэгсэл нь хагас тэрбум орчим төгрөгийн үнэтэй тул дийлэхгүй. Энэ мэт шалтгаанаар компаниуд сургуулийн автобусны үйлчилгээнээс хойш суух янзтай болоод ирэхээр “Ядаж ганцхан тэргээ хүүхэд тээвэрлэхэд зориулчихаач. Нийгмийн хариуцлага шүү дээ” гэх мэтээр шахаж, бараг ятган байж зөвшөөрүүлдэг гэнэ. Мөн жолооч нар нь нийслэлээс олгодог цалинд сэтгэл ханамжгүй байдаг аж. Нөхцөл байдал ийм байхад тендерт ялж, үүрэг хүлээсэн “Моннис моторс” ХХК-ийнхан нийслэлийн ЗДТГ болон хотын оршин суугчид, сургуулийн унаагаар үйлчлүүлэх шаардлагатай сурагчдын өмнө хариуцлага алдаж байна бус уу. “Моннис моторс” ХХК-ийнхан үүнд хариу өгч, улмаар ядаж эхний ээлжийн 70 автобусаа яаралтай оруулж ирэх юм биш үү. Хэрэв эднийх санаснаас хурдан ажиллаад, нэг доор оруулаад ирдэг юм гэхэд тусад нь бааз байгуулах замаар зохион байгуулалт хийхгүй бол өдгөө ачаалалдаа түүртэх шахаж буй нийслэлийн Нийтийн тээврийн газрынхан лав барах шинжгүй.
Олон нийтэд, ялангуяа хүүхдүүдэд өгөөжтэй төсөл санаачилж, хэрэгжүүлэх нь олон талын тустай. Гэхдээ хэрхэн, яаж гэдгээ урьдчилан сайтар тооцоолж, тухайн төсөл саадгүй хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж байж замд нь гаргадаг байлтай. Ялангуяа энэ тохиолдолд бол нийслэлийн ЗДТГ-ын зүгээс олон ч субъектийн өмнө үүрэг хүлээж, хариуцлага амласан тендерийн ялагчдаа шаардлага ч тавьж чадахгүй байгаа бололтой юм.
Энэ төсөлд аудитын шалгалт оруулсан юм билээ. Дүгнэлтээс эш татъя. “Хүүхдийн сургуулийн автобус” нийлүүлэх ажил, харилцааны хүрээнд “Моннис моторс” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, 2020 оны долдугаар сарын 02-нд гэрээ байгуулсан. Уг гэрээнд 2020 онд 75, 2021 онд 75, харин 2022 онд 50 ширхэг автобус нийлүүлэхээр тусгасан байна. Шалгахад гүйцэтгэгч нь 2020 оны наймдугаар сарын 3-нд 6,915.0 сая төгрөг буюу 23 ширхэг хүүхдийн автобусны үнэлгээтэй тэнцэх санхүүжилт авсан боловч тавыг нийлүүлж, эхний санхүүжилтэд хамаарах 18, гэрээний заалтад хамаарах үлдэгдэл 70-ыг хуваарьт заасан хугацаанд нийлүүлээгүй гэжээ.
“Сургуулийн автобус” төслийн явц иймэрхүү.