Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс сэргээн засалтын цогц арга зүйн мэдлэг олгох зорилготой үндэсний сургагч багш бэлтгэх дөрөв хоногийн сургалтыг өнгөрсөн онд Улаанбаатар хотод зохион байгуулсан юм. Төслийн хүрээнд зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барьж буй. Тэдгээр төвд ажиллах мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дадлага олгох нь уг сургалтын гол зорилго байв.
Манай улсад хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үеийн дэмжлэг үзүүлэхэд тулгарч байгаа асуудлуудын нэг нь хүний нөөц гэдгийг сургалтад оролцогчид онцолсон. Тиймээс үүнтэй холбоотой бичил хэлэлцүүлгийг “Өнөөдөр” сониныхон, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран зохион байгуулсан юм. Төслийн үндэсний зөвлөх, АШУҮИС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн эрхлэгч, доктор А.Балжинням, төслийн ерөнхий зөвлөх, П.Шейла, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны яамны тэгш хамран сургах боловсролын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, МУБИС-ийн тусгай хэрэгцээт боловсролын багш Б.Саранзаяа нар уг хэлэлцүүлэгт оролцлоо.