“Монголын иргэн хоёр эмэгтэй Казань хотын спортын их дэлгүүрт хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдлаа. Тэд үнэтэй том дэлгүүрт хулгай хийж мэргэшсэн этгээдүүд байсан” гэж ОХУ-ын Татарстаны Дотоод явд лын яамнаас энэ сарын 30-нд мэдээлжээ. Тэд нэгэн гоо сайхны барааны дэлгүүрт хулгай хийж байгаад дүрс бичлэгийн камерт өртсөн байна. Хулгайн бараагаа цүнхэндээ хийж байхад нь камер зураг авч чадсан бөгөөд энэ бичлэгээр тэдний хэн болохыг цагдаа нар тогтоожээ.
Бүсгүйчүүл Москвад богино хугацаагаар оршин сууж байгаа Монголын иргэд бөгөөд нэлээд зохион байгуулалтад орсон бүлэг болох нь мэдэгдсэн аж. Тэд мөнгөлөг гялгар цаасаар доторлосон цүнхэнд хулгайн бараагаа хийдэг байсан тул дохиоллын системд өртдөггүй байжээ. Москвагаас гарч хулгай хийгээд буцах замдаа галт тэргэн дотор бараагаа зардаг байсан байна.
Гэмт хэрэгтнүүдийг Казань явсан гэх мэдээгээр цагдаа нар хулгай хийж болохоор том дэлгүүрүүдэд давхар хяналт тавиад байжээ. Тэд Казаниас гадна хэд хэдэн хотод хулгай хийсэн байж магадгүй байгаа тул мөрдөн шалгаж байгаа гэнэ. Тэдний нэг нь 15 настай бололтой.
М.СУГАРАА