DJ Өөжий буюу О.Ганболдын хэргийг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, түүнд 12 жилийн хорих ял ногдуулав. Тэрбээр өмнө нь хар тамхи хууль бусаар хилээр нэвтрүүлж, наймаалсан хэргээр найман жилийн ял сонсож байсан. Гурван жил ялаа эдэлсэн түүнийг өнгөрсөн онд Өршөөлийн тухай хуулиар сулласан.
Гэвч О.Ганболд өнгөрсөн тавдугаар сард Мөнхбаяр гэгч залуутай нийлэн Замын-Үүдийн гаалиар 0.6 гр бодис авч гарах гэж байгаад баригдсан юм. Тамхины хайрцагт нуусан уг бодисыг Замын- Үүд дэх гаалийн лабораторид шинжлүүлэхэд каннабисын төрлийн тетрохетроканнабил гэх мансууруулах бодис болох нь тогтоогдсон.
Ийнхүү хар тамхины хэрэг давтан үйлдсэн учраас түүнийг онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээн үзэж, 12 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүх гаргалаа.