Монголын ард түмний түүхийн хосгүй үнэт үзмэрийг хадгалж, хамгаалж, олон нийтэд үзүүлж байдаг Монголын үндэсний музей энэ сарын 25-нд хоёр үзмэрээ хулгайд алджээ. Хэрэг тухайн өдрийн 12.00-13.00 цагийн хооронд гарсан юм байна. Энэ талаар тус музейн менежер Д.Мөнхтогоогоос тодрууллаа.
-Танай музейд хулгай орсон тухай дууллаа. Ямар ямар үзмэр алга болсон юм бэ?
-Тд.98-25 дугаартай, 1911 оны Монгол Улсын төрийн тамганы хуулбар болон Тд.98-26 дугаартай 1912 оны Сэцэн хан аймгийн тамганы хуулбар алдагдсан. Монгол Улсын төрийн тамганы эх хувь нь Богд хааны ордон музейд, нөгөө тамганых нь эх Хэнтий аймгийн музейд хадгалагддаг.
-Хуулбар ч гэсэн үзмэр. Хулгайч хуулбар гэдгийг нь мэдээгүй авсан байж болох ч үүнээс үнэтэй үзмэр алга болох боломжтой байж. Тухайн үед музейн хамгаалагч болон тайлбарлагч нар хаана байсан юм бэ?
-Манай тайлбарлагч нар өдрийн цайны цагаар хоёр, хоёроороо ээлжилж хооллодог. Тэр үед музейд хоёр тайлбарлагч байж байгаад нэг нь ариун цэврийн өрөөнд орох хооронд ийм хэрэг гарчээ. Камерын бичлэгт энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Саравчтай хар малгайтай, пүүзтэй залуу шилэн хоргыг хагалаад үзмэрийг авсан байгаа юм. Бид хулгайн хэрэг гарсныг 5-10 минутын дараа мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоо энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.
-Алдагдсан хоёр тамгыг ямар зорилгоор ав сан гэж таамаглаж байна вэ?
-Сайн мэдэхгүй. Энэ жил түүхэн ой тохиож бай гаа болохоор үнэд орно гэж бодсон юм болов уу. Үзмэрийн тайлбарт хуулбар гэдгийг нь бичээгүй учраас үнэтэй эд гэж бодсон байх. Хоёр тамганы нэг бүрийн үнэ нь 4500 төгрөг. Бар дүрст бариултай Төрийн тамгыг нь гипсээр хийж, мөнгөн боронзоор, Сэцэн хан аймгийн тамгыг гипсээр хийж шар боронзоор будсан байгаа.
Ж.СОЛОНГО