Энэ долоо хоногт нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэргэдэх “Хэлхээ” хүүхдийн хувцасны брэндийг онцоллоо. Тус брэндийн орлого нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд 100 хувь зориулагддаг. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны зохицуулагч З.Ундрахтай энэ талаар ярилцсан юм.
26 жил
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь 1995 оноос тасралтгүй 26 жил үйл ажиллагаа явуулж байна. Эднийх хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг өндөр нууцлалтай хамгаалах байрандаа долоо хоногоос гурван сарын хугацаатайгаар хүлээн авч, сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгөхөөс гадна хувь хүний хөгжил, эрүүл мэндийн үзлэг, ажлын байранд холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том асуудал бол эдийн засгийн баталгаа болон ажлын байр байдаг. Хамгаалах байранд ирсэн олон бүсгүйчүүдэд ийм бэрхшээл тулгарсан учир ХЭҮТ-ийн хамт олон үүнийг шийдвэрлэх гарц гаргалгаа хайж эхэлжээ. Ингээд “Хэлхээ” брэндийг үүсгэн байгуулах санааг олж, төсөл бичин, Монгол дахь Германы элчин сайдын яаманд хүргүүлсэн байна. Брэндээ ийн нэрлэх болсон нь бүх зүйл хэлхээ холбоотой, хамтдаа бүх саад бэрхшээлийг даван туулна гэх бодлын үндэс аж.
Төсөрхөн төсөл боловч нүсэр үр дүн
Төслийн хүрээнд таван хүн ажиллах боломжтой төсөрхөн оёдлын цех байгуулжээ. Төсөр гэж буй боловч эндээс хоёр эмэгтэй бие даан оёдлын цех нээж тусдаа гарсан. Хоёр эмэгтэй эндээ цалинтай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэрлэсэн хувцсаа Хамгаалах байранд ирсэн хүүхэд, эмэгтэйчүүдэд тараахаас гадна, үзэсгэлэн худалдаа, онлайнаар борлуулж овоо хэдэн төгрөг “босгочихдог”. Бүх орлогоо нийгмийн сайн сайханд зарцуулдаг зэргээс харвал үр дүн нь нүсэр том гэж хэлж болохоор.
Оёдлын чанар стандарт, дэгжин чамин бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд “Хэлхээ” брэндийнхэн гол анхаарлаа хандуулдаг байна. Биднийг очиход хүүхдийн хувцас өмд, цамцны хослол, цамц, подволк, унтлагын хувцас түлхүү оёсон байсан бөгөөд хүүхдийн биед эвтэйхэн, ямар нэгэн харшил өгөхгүй материалаар хийсэн гэдгээ онцолж байв. Эднийх Шинэ жилийн баярын үеэр гэр бүлээрээ болон хосоороо өмсөх боломжтой цамц, биеийн тамирын хослол, даашинз үйлдвэрлэнээс даашинз, бэлтгэлийн хувцас нь хамгийн их борлуулагджээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа хэлэхдээ “Манайх бүтээгдэхүүн импортын бараанаас дутахааргүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Үүнийг байнгын худалдан авагч нар маань батлах биз ээ. Бидний бүтээгдэхүүнийг худалдаж авснаар Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйчүүдэд тусалж буй маш том хөрөнгө оруулалт юм. Иймд байнгын худалдан авагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээв.
Холбогдох утас: 99643131, 80093438
FB хаяг: http://Хэлхээ-Khelkhee