Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 2412 га талбай байгааг холбогдох албаны хүмүүс 2018 онд тооллого, судалгаагаар тогтоосон байдаг. Үүний 1179 га нь Багануурын, 667 га нь Налайхын бичил уурхайн бүсэд хамаарч байсан бол 566 га нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтоос үүдэлтэй гэж тогтоосон юм. Налайхын бичил уурхайн хэсэг дэх эвдэрсэн газрын 338 га нь тодорхой эзэн холбогдогчгүй, гар аргаар нүүрс олборлогчдын хөлд сүйдсэн байж болзошгүй гэж албаныхан тухайн үед дүгнэж байж. Тэгвэл энэ талбайн 99.7 га-г нь 2019-2020, 25 га-г нь өнгөрсөн онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээжээ. Үлдсэн 213.3 га-г ойрын хугацаанд “эмчлэхээр” төлөвлөсөн байна.
Түгэээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 29 аж ахуйн нэгж “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жил 31.41 га талбайд техникийн, 8.43 га-д биологийн нөхөн сэргээлт хийжээ. Эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээх хүсэлт гаргасан хоёр иргэн, таван аж ахуйн нэгж 2021 онд 16.25 га талбайг “эмчилсэн” аж. Харин нийслэлийн Байгаль орчны газар 50.4 га талбайг сэргээжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт эвдэрсэн газрын тооллого, судалгаа хийснээс хойших гурван жилд нийт 215.3 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн нь доройтсон газрын 8.9 хувьтай тэнцэж байна