Дамбадаржаагийн гүүрэн дороос бусдад хорлогдож амиа алдсан Г.Баярмаа охины цогцсыг олсон өдөр буюу 2008 оны долдугаар сарын 19-нд олон хүний сэтгэлийг сэртхийлгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт найман хүнийг сэжигтнээр татаж одоогоор гурвыг нь гэм буруугүй гэж сулласан. Хэргийн гол холбогдогч Ө.Хэрлэнчимэг, найз залуу нь болох Ж.Очбадрах нарыг гурван шатны шүүх хурлаар хэлэлцэн тэднийг 18-20 жилийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон. Ж.Очбадрахын ээж М.Майцэцэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлэн гэмт хэрэгтнийг үнэн зөвөөр олж тогтоон хүүхдүүдээ суллуулахыг хүссэн юм. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд хандлаа. Сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Хэргийн газар байсан гэх хүүхдүүдийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт зөрж байгаа гэсэн?
-Тийм ээ. Шүүх, прокурор, мөрдөн байцаагч нар гэрч Д.Сарантуяагийн мэдүүлгээр л хэргийг шийдвэрлэсэн. Харин манай хүүхдүүдийн буруугүйг нотлох гэрч Мөнхдалайг Сүхбаатар дүүргийн шүүгчид хуралд оруулаагүй. Д.Сарантуяагийн мэдүүлэг шат шатны шүүх хурал дээр өөрчлөгддөг. Түүний прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт гаргасан өргөдөлд “Хэрлэнчимэгийг алсан гэж хэлбэл шоронд оруулахгүй, гэрт чинь явуулна гэдэг байсан. Гантуяа, Хэрлэнчимэг бид гурав их айж байна, шударга байцаагчаар байцаалгаж үнэнээ хэлмээр байна” гэсэн боловч шүүх авч хэлэлцээгүй. Шинжээчдийн дүгнэлт хоорондоо тэс өөр төдийгүй зарим нь байж боломгүй юм хэлсэн. Энэ мэтээр яриад байвал булхайтай зүйл олон бий.
-Та гэрээслэл бичсэн гэсэн ямар утгатай юм бэ?
-Монголд шударга ёс гэж байдаг бол 16 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал зарлаж энэ хэргийн үнэн мөнийг тогтоож өгөхийг хүссэн. Сарын дотор шийдвэрлэж өгөхгүй бол би олны өмнө “чигчий хуруугаа тасдах болно”. Эцсийн арга хэмжээ бол судсаа ханаж, хүүхдийнхээ эрх чөлөөний төлөө амиа хорлохоос өөр арга алга.
-Та өмнө нь үсээ хусуулж нэг хүүхдээ суллуулсан. Эд эрхтнээ гэмтээхээс өөр арга байхгүй гэж үү?
-Би аргаа бараад л ингэж байна шүү дээ. Гэм буруугүй хүүхдүүд маань шоронд байгаа гэж бодохоор байж сууж чадахгүй юм. Жинхэнэ ялтан сул явж байна шүү дээ.
-Жинхэнэ алуурчин сул байгаа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Та өөр хэн нэгнийг сэжиглэж байгаа юм уу?
-2008 оны наймдугаар сарын 9-нд минй нөхөр цалингаа аваад “Тэнгис” кинотеатрын өмнө явж байхад нь хүн дээрэмдсэн. Хамгийн сонин нь бэлэн 300 гаруй мянган төгрөгтэй байхад гар утсыг нь л авсан. Тэгээд надад “Залгамой, Очоо байна, матараа” гэсэн мессеж ирсэн. Гэтэл тэр үед миний хүү шоронд байсан шүү дээ. Ингээд бодохоор алуурчин сул байгаа байхгүй юу. Улсын Дээд шүүх, тө рийн өндөрлөгүүдээс энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг л гуйж байна даа.