Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн 10.00 цагийн орчим Баян зүрх дүүргийн цагдаагийн хэлтэст “Манай аав, ээж, эгчийн амийг хөнөөчихлөө” гэж нэг залуу мэдээлэл өгчээ. Хэргийн газар цагдаагийнхан очиход нэг гэр бүлийн гурван хүнийг удаа дараа хутгалж, амь насыг нь хөнөөсөн байжээ. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн IV хороо, III байрны ... тоотод болжээ. Биднийг тус байранд очиход хэргийн газрын үзлэг дуусаж, хаалгыг нь лацадсан байв.
Оршин суугчид “Бид юу ч мэдэхгүй. Цагдаагаас асуу” хэмээн үг солихоос зайлсхийж, хаалгаа нээхгүй байгаагаас үзвэл тэд айдастай байгаа бололтой. Тус байрны нэг оршин суугч (нэр болон оршин суугаа хаягаа бичихгүй байхыг хүссэн) бидэнтэй ярилцсан юм.
-Танай байранд гурван хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Та хүн орилох, сэжигтэй хүн энэ айлд ирсэн талаар мэдэж байгаа зүйл байна уу?
-Тийм ээ, аймшигтай хэрэг гарсан байна лээ. Би ямар нэгэн зүйл мэдээгүй. Үүрээр гарсан хэрэг гэж цагдаагийнхан ярьж байсан.
-Энэ айлд хэн хэн амьдардаг юм бэ. Энд оршин суугаад удаж байна уу?
-Эднийх энэ байрыг худалдаж аваад нэг жил гаруй болж байгаа. Аав, ээж хоёр нь 60 орчим насны Ү, Б гэдэг хүмүүс байсан юм. Элдэв ааш авиргүй, сайхан хүмүүс шиг санагддаг. Талийгаач охин нь 30 орчим настай Д гэдэг. Би түүнтэй мэнд мэдээд л өнгөрдөг байсан. Амьд үлдсэн 16 настай хүүг нь зүс танихаас цаашгүй. Энэ байранд өмнө нь Замын цагдаагийн газарт ажилладаг нэг хүн амьдардаг байсан юм. Тэр хүн байраа оюутнуудад удаан хугацаагаар хөлсөлсөн. Харин дараа нь эднийх худалдаж авсан юм гэсэн.
-Талийгаачийнх хүний анхаарал татахуйц эд зүйлтэй болов уу. Шунахайн сэдлээр гэмт хэрэг үйлдэгдсэн байх талтай юм. Түүнээс гадна архи уудаг хүн эднийд бий юү?
-Боломжийн л амьдралтай айл. Чухам үнэ цэнэтэй эд зүйл байсан эсэхийг би мэдэхгүй. Архи ууж, элдэв хэрүүл шуугиан гаргадаггүй байсан гэв. Өнгөрсөн баасан гаригийн үүрээр гарсан энэ хэргийн талаар тус байрны жижүүр Ш.Ганбатаас тодруулахад “Энэ байранд жижүүр хий гээд хоёр сар гаруй болж байна. Манай эгч олон жил энэ байрны гурван орцыг цэвэрлэсэн болохоор айлуудаа сайн мэднэ. Харин одоо алга. Хэрэг гардаг өдрийн үүрээр нохой хуцаад байсан. Энэ хавиар золбин нохой ихтэй болохоор би анзаараагүй. Бодвол тэр үед л хэрэг үйлдэгдсэн юм шиг байна лээ. Өөр ямар нэгэн дуу чимээ гараагүй. Талийгаач нар зан сайтай хүмүүс байсан” гэв
. ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын тушаалаар ноцтой хэргийг илрүүлэх Ажлын хэсгийг байгуулж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газрын Онц, хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэнтэй хамтарч шалгаж байгаа аж. Хэргийн газрын анхны үзлэгээр гарын хээ, гутлын үдээс гэх мэт зүйл олдсон бөгөөд 18-20 насны өмнө нь дээрэм, танхайн хэрэг үйлдэж байсан нэг залууг сэжигтнээр тогтоон эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ. Аав, ээж, эгчийгээ бусдад хорлогдсоныг харсан 16 настай Б хүү сэтгэл санааны хүнд дарамтад орсон учир эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр мэдүүлэг өгөх чадваргүй байгаа юм байна.
Х.ОЮУНСҮРЭН