УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс гаргах санал, дүгнэлтэд үндэслэн байнгын хорооноос нэгдсэн шийдвэрт хүрч, Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх юм. Тус ажлын хэсгийнхэн дэд хэсгийнхний хамт Богдхан уулан дахь газар ашиглалтын байдалтай өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Нүхт, Жаргалант, Түргэн, Ташгай болон Тайны аманд биечлэн очиж, ажилласан юм. Энэ үеэр тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн мэдээлэл, судалгаанд үндэслэн холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудаас мэдээлэл сонсов. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгодог ч хаус хороолол барьж, худалддаг. Хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, Богдхан ууланд иргэд зорчих боломж хязгаарлагдана” хэмээж байлаа. Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай 120 газарт 32.7 сая га талбайг хамруулдаг нь манай нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи, Тэрэлжийн болон Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт газар ашиглах гэрчилгээ олгожээ. Энэ нь эдгээрт хамаарах газрын 97 хувийг эзэлж байна. Тиймээс газар ашиглах гэрчилгээг үргэлжлүүлэн олгохгүй, хүрээг нь тэлэхгүй байхад онцгой анхаарах ёстойг ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Улмаар одоо эрүүл байгаа газрыг хамгаалалтын бүсэд хамааруулж, унаган байдлыг нь аль болох хадгалахад гол анхаарлаа хандуулах гэнэ.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын байдлыг газар дээр нь харахад анхаарах асуудлууд байна” гээд эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Үндсэн хууль хийгээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн сайжруулах талаар дурдсан. Тэд өнөөдөр Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт ажиллах юм байна
Бэлтгэсэн У.Наран