Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж буй. Тодруулбал, тамхийг утаат болон утаагүй хэмээн зааглаж, электрон тамхины талаарх ойлголтыг хуульчлан, дотоод орчинд татахыг хориглон, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгож, шаардлагатай тохиолдолд онцгой албан татвартай холбоотой зохицуулалт бий болгохыг зорьж байгаа. Учир нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлж байгаа юм. Энэ нь утаат тамхи шиг хяналт тавих боломжийг хязгаарладаг. Үүний хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнгөрсөн баасан гарагт “Тамхины хэрэглээ ба хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд биечлэн оролцож, холбогдох яамны албан тушаалтнууд болон эцэг, эхчүүдийн төлөөлөл цахимаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Тамхины хэрэглээ, хууль, эрх зүйн орчин” сэдэвт илтгэлдээ сүүлийн жилүүдэд тамхи хэрэглэгчид улам залуужиж байгааг онцолсон. Тодруулбал, манай улсын насанд хүрсэн нийт иргэний 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн байна.
Тэр дундаа импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсжээ. Тодруулбал, 2019-2020 онд нийт 2047 ширхэг электрон тамхи БНХАУ-аас импортолж байсан аж. Тэгвэл өнгөрсөн онд тус улсаас нэг сая, Камбож улсаас 1.6 сая ширхэг буюу 11 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий электрон тамхийг оруулж иржээ. Үүнийг дагаад хэрэглээ ч нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн яамныхан ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт уламжлахаар төлөвлөж буй аж. Гэхдээ Нийгмийн бодлогын байнгын хорооны зүгээс үүнээс богино хугацаанд төслөө бэлэн болгох чиглэл өгсөн.
Мөн тамхины хэрэглээний талаарх нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг анхаарууллаа. Ташрамд дурдахад, электрон тамхи нь халаадаг болон ууршуулдаг гэсэн хоёр төрөлтэй. Тэгвэл халаадаг тамхийг хуульд тусгайлан хуульчилж, онцгой албан татвар ногдуулахдаа ч ялгаатай байдлаар төсөлд тусгаж буй юм байна. Өөрөөр хэлбэл, “халаадаг тамхи”, “электрон тамхи”, “тамхи” гэсэн нэр томьёог Тамхины хяналтын тухай хуульд нэмэлтээр оруулах гэнэ. “Тамхи” гэдэгт нь утаат, халаадаг, электрон тамхины аль аль нь хамаарах юм. Ингэснээр халаадаг тамхинаас жилд 1.9 тэрбум, электрон тамхинаас жилд 288 сая төгрөгийн орлого бүрдүүлэх боломжтой хэмээн тооцсон байна.
Бэлтгэсэн Б. Уран