“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга, шарк Н.Мөнхнасан цахим орчинд “АТГ-аас залгаж байна. Шалгана гэнэ. Би ямар гэм хийсэн юм бол. Ил тод бүх юм зүйлээ зэрэгцүүлээд тавиад явна даа” хэмээн жиргэжээ. Мөн тэрбээр өнөөдөр Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт оролцож “Хөгжлийн банк авсан зээлүүдийг зарлахаас гадна төлөлтүүдийн хэмжээг мэдээлэх ёстой. 2014 онд зээлийг төгрөгөөр олгох тогтоол гаргасан ч, банк ам.доллароор олгосон. Бид энэ зээлийг авсан жилийнхээ дараа жилээс нь төлж эхэлсэн. Одоогийн байдлаар тухайн үеийн ханшаар нийт 126 тэрбум төгрөгөөс 118 тэрбум төгрөгийг хүү, ханшийн алдагдалтай нь хамт төлсөн. “Монцемент” төслийн хүрээнд гурван цогц үйлдвэр бий болсон. Энэ бол хөгжлийн төсөл. Үүнийг манайхан хэрэглээний зээлтэй андуураад байна. Бид олон улсад судалгаа шинжилгээ хийж 80 хувийн хөрөнгө босгож, 20 хувийг Хөгжлийн банкнаас зээлсэн” хэмээх тайлбар өгсөн билээ.