Zarig.mn сайтаас зохион байгуулж буй Хөгжлийн банкны зээлийг "Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлэгт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна.
Тэрбээр өмнө нь Хэсэг бүлэг этгээдүүдийн авсан зээлийг Монголын ард түмний татварын мөнгөөр төлүүлэхийг Монгол Ардын Нам дэмжихгүй бөгөөд зээл авсан цөөнхөд давуу байдал олгож, өр төлбөрийг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах нөөц боломжоос төлөх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна" хэмээн мэдэгдэж байсан юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар “Намын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг боломжийг нээлттэй болгосон. Улс төрийн хариуцлага хүлээлгэвэл дараа дараагийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болно.
Хоёрдугаарт, аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Ингээд шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасна. Намын гишүүнчлэлээс хасагдчихаад буцаад элсэх асуудал байхгүй. Насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана гэсэн үг. Манай намын хувьд тэдгээр хүмүүсийг сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй.
Улс төр талаасаа харахад Хөгжлийн банкны энэ асуудал бидэнд боломж олгож байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцож, нэг зүгт харах боломж Монголд төдийлөн олддоггүй. Үүнийг бид улс орон, ард иргэддээ олдсон боломж гэж харж, дийлдэхээ байсан задарсан олон зүйлтэй тэмцэж, цэгцэнд нь оруулахын төлөө ажиллах ёстой. Энэ дээр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдээ нэгэн зүгт харж хамтран ажиллаасай гэж хүсэж байна.
Үүнийг сарниулж, ач холбогдлыг бууруулах гэсэн олон үйл ажиллагаа, арга хэмжээ явагдах байх. Гэхдээ бид эрх баригч намын хувиар зогсолтгүйгээр энэ ажлыг урагшлуулна. Улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулах ажлын бодитой ажил хийх шаардлага үүсэж байна. 76-хан гишүүн бүх эрх мэдлийг өөрсөн дээрээ төвлөрүүлээд үүнийгээ алдахгүйн төлөө хичээж ажилладаг. Эсвэл МАН, АН гэдэг хоёрхон нам эрх мэдлийг авчихаад бусад намуудыг оролцуулдаггүй. Энэ байдлыг задалж, сарниулахын төлөө ажиллах болно" гэв.