“Би ерөнхий боловсролын сургуулийн XII ангид сурдаг. Энд “юм” бичих болсон нь сурч боловсрох эрхээ хангуулах зорилготой. Биднийг чиглүүлэх үүрэгтэй багш нар сүүлийн үед ажлаа хийхээ болилоо. Давтлагаа цаг тухайд нь хичээллүүлэхгүй, янз бүрийн шалтгаанаар хойшлуулж байна. Цахимаар хичээл заасан үедээ хайхрамжгүй, сэтгэлгүй ханддаг. Асуултад ч олигтой хариулдаггүй. Сургуулийн захиргаа болон сумын ЗДТГ, эцэг, эхчүүд минь энэ асуудалд анхаарал тавьж, туслаач, дуугараач.
Коронавирусийн тархалтаас болоод сүүлийн жилүүдэд хичээлийн хоцрогдол үүссэн. Үүнийг нөхөх, засах боломж хангалттай байсан ч багш нар ажлаа хийхгүй, тоохгүй юм. Энэ нь төгсөх ангийн сурагчдын хувьд маш эрсдэлтэй. Хичээлээ чанартай, үр дүнтэй заахыг багш нараасаа хүсье. Бид ЭЕШ-д өндөр оноо авахыг хүсэж байна”
Аргадан гуйсан, учирласан, томчуудаас тусламж хүссэн энэ “зурвас”-ыг Ховд аймгийн нэгэн сумын төгсөх ангийн сурагч бичиж, фэйсбүүкийн бүлгэмд байршуулсан бөгөөд төд удалгүй үүнийгээ устгасан юм. Яагаад ийм зүйл бичих болсон, ямар учраас устгасныг нь түүнээс тодруулахад “Би ганцаараа ингэж бодож, дүгнэж бичээгүй. Аль намраас л ийм байдал анзаарагдсан. Тэр болгонд манай ангийнхан санал бодлоо солилцож, ярилцдаг байлаа. “Багш нарын энэ байдал удаан үргэлжилбэл бүгдээрээ ямар нэг алхам хийе” гэж тохирцгоосон юм. Ингээд амралтын үеэр цахимаар хуралдаад, ийм шийдэлд хүрсэн. Сумын фэйсбүүкийн бүлгэмд бичвэл олон хүн унших байх гэж бодсон юм. Анзаарсан бол төгсгөлд нь “XII ангийн сурагчдаас” гэсэн байсан шүү дээ. Би ангийнхнаа төлөөлж бичсэн гэсэн үг. Сурагчид, эцэг, эхчүүд голдуу дэмжсэн байна лээ.
Устгасан шалтгаан нь гэр бүлийнхнээс болсон. Сургуулийн захиргаа болон багш нарын зүгээс ямар нэг дарамт шахалт ирээгүй. “Өчнөөн олон хүүхэд байхад яагаад чи энэ талаар бичих ёстой юм бэ. Чамайг бусдыг төлөөлж ийм зүйл бичсэн гэж хэн ч бодохгүй” гэж гэр бүлийнхэн минь зэмлэсээр байгаад устгуулсан. Одоо би хотод ЭЕШ-д бэлдэж байна. Хүүхэд болгон ийш тийж явж, мөнгө төлж давтлагад хамрагдах боломжгүй. Тиймээс багш нар хичээлээ хариуцлагатай, сэтгэлтэй зааж, сургуулийн захиргаа үүнд анхаарах ёстой” гэсэн юм.
Яг ийм нөхцөл байдал ганц энэ сурагч, анги, сумын сургуульд бус, Монгол орон даяар нийтлэг болжээ. Цар тахлаар далимдуулж ажлаа цалгардуулдаг, хичээл, давтлагын цагийг үр дүнгүй өнгөрөөж, аргацаадаг, оромддог багш нар олон байгааг эцэг, эхчүүд ч, сурагчид ч хэлж байна. Бага, дунд ангийн сурагчид энэ алдаа гажуудлыг тэр бүр анзаардаггүй, ойшоодоггүй, хэрхэн хохирч байгаагаа ч мэддэггүй өнгөрөөдөг бол ахлах ангийнхан арай соргогоор хүлээж авдаг аж. Ялангуяа ЭЕШ өгөх, их, дээд сургуулийн босго юу юугүй алхах дөхсөн, айдас түгшүүртэй буй сурагчдын хувьд сурган хүмүүжүүлэгчдийн энэ хэнэггүйтэл хүндээр тусдаг гэнэ.
Орхон аймгийн Нэгдүгээр сургуулийн XII ангийн сурагч “Зөвхөн сургуульд заадаг хичээл, багшид найдвал ЭЕШ-д сайн оноо авч чадахгүй гэж ээж, аав минь байнга хэлдэг. Тиймээс өнгөрсөн жилээс математикийн төлбөртэй давтлагад цахимаар хамрагдаж эхэлсэн. Би ангидаа сурлагаараа дээгүүрт ордог. Гэхдээ хотын хүүхдүүдтэй харьцуулахааргүй сул гэдгээ сургалтад хамрагдаад мэдсэн. Цар тахлын нөлөө ч бий байх.
Багш нар төгсөх ангийн сурагч бүртэй ажилладаггүй. Хичээлдээ сайн, олимпиадад амжилт үзүүлдэг, өөрөөс нь давтлага авдаг хүүхдүүдэд илүү цаг гаргадаг. Сүүлийн үед бүр ч анхаарахаа байсан. Хичээл орсон нэртэй, номоос баахан дасгал ажиллуулж, даалгавар өгдөг. Номын агуулгаас хэтэрдэггүй. Элсэлтийн шалгалтад зөвхөн XI, XII ангид үзсэн хичээлтэй холбоотой даалгавар ирдэггүй. Дунд ангид үзсэн хичээлүүдийн мэдлэгийг ч шалгадаг юм билээ. Тиймээс төгсөх ангид шинэ хичээлүүдийг шахуу үзэж дуусгаад, өмнөхүүдийг нь сэргээх зорилготой дасгал ажиллуулдаг. Зарим сургууль (аймгийнх нь) энэ дагуу хичээллэж байгаа гэсэн. Гэтэл манай багш нар хичээлээ ч олигтой орохгүй байна. “Өмнөх оны ЭЕШ-ын материалуудыг олж ажиллаарай, хичээлүүдээ сэргээж харцгаагаарай” л гэдэг” хэмээн ярилаа.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн XII ангийн сурагч “Сүүлийн үед хичээл орох гэж “гурилдаж” байна. Хоёроос олон халдвар илэрсэн тохиолдолд тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлэх журам хэрэгжиж байгаа. Зарим багш үүнийг далимдуулаад гэртээ амардаг юм шиг санагдсан. Нэг багш “Хэдүүлээ ээлжилж өвдөж, гэртээ хоригдсоор өвлийг давах нь. Хол гэртэй хүүхдүүдэд амар байгаа биз дээ” гэж ярихыг нь сонсоод “шок”-нд орсон. Бидний хувьд нэг хоног ч гэсэн танхимаар хичээллэж, ангийнхантайгаа уулзаж, хичээлээ үр дүнтэй давтах нь чухал.
Бас нэг сонин явдал болсон. Ангийн найзын минь аав коронавирусээр өвчлөхөд түүнийг гэрт нь 10 хоног ажиглалтад байлгасан. Халдвар илэрснээс хойш долоо хоног тусгаарлана гэж сургуулийн захиргаанаас хэлсэн юм билээ. Үүний дагуу долоо дахь хоног дээрээ шинжилгээ өгчихөөд, сургуульдаа иртэл ангийн багш “Дахиад гурав хоног ажигла. Хэн ир гэсэн юм бэ” гээд загнасан. Гурав хоногийн дараа ирэхэд “Яг одоо явж шинжилгээ өгчихөөд ир” гээд эмнэлэг рүү өглөөгүүр гүйлгэсэн байна лээ. Найз минь багшид их гомдсон, хичээлдээ сууж чадаагүйдээ харамссан. Энэ бол ялгаварлан гадуурхалт” гэв.
Харин тус сургуулийн IX ангийн сурагч “Багш нар даалгавар өгчихөөд гарч явах, төгсөх ангийн ах, эгч нараар өөрийнхөө оронд хичээл заалгах, эрэгтэй
сурагчдаар гэр орны болон хувийн ажлаа хийлгүүлэх тохиолдол зөндөө. Өмнө нь ч ийм байсан, одоо бүр ихэссэн. Зарим багш хичээлээ заахгүй утсаа “ухаад”, эсвэл үерхэл нөхөрлөл, тэмцээн, уралдаан гээд хувийн шинжтэй зүйлс ярьж, цаг үрдэг. Сурагчдад энэ нь таалагддаг юм шиг санагддаг. Надад ч заримдаа таатай санагддаг” хэмээн үнэнээ хэлсэн юм.
Цар тахлын нөлөөгөөр хамгийн их хохирсон нь сурагчид. Тэд анх удаа ийм удаан хугацаанд алсын зайнаас, бие даан суралцах “туршилт”-д оролцлоо. Теле болон цахим хичээлийн үр дүн хангалтгүй, сурагчдын мэдлэг, чадварт маш их хоцрогдол үүссэн гэдгийг судлаач, эрдэмтэд тогтоогоод, БШУ-ны сайд нь олон нийтэд зарлачихлаа. Энэ “цоорхой”-г нөхөхийн тулд боловсролын салбарынхан (багш, нийгмийн ажилтан, сургуулийн захиргаанаас эхлээд бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч) бүхий л түвшинд хариуцлагатай ажиллах цаг үе ирээд буй. Нийгмийн зайлшгүй шаардлага гэж хэлэхэд ч болно. Үүнд хамгийн чухал үүрэг, оролцоотой нь багш нар. Тэд л сурагчидтай тулж ажилладаг, “дээрээс” чиглэлтэй бодлого, шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, амьдрал дээр буулгадаг. Гэтэл энэ үүрэг, хариуцлагаа үл ойшоож, умартсан зарим нь цар тахлын энэ хариуцлагатай цаг үед хичээлийнхээ үнэт цагийг сурагчдадаа зориулахаас харамлаж, хайхрамжгүй хандаж байгаа нь туйлын харамсалтай.
БШУЯ-ныхан “Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд эцэг, эхчүүдийн оролцоо ч чухал” гэсэн байр суурь бүхий мэдээллийг сүүлийн үед олон нийтэд түгээсээр буй. Энэ нь нэг талаараа “Аав, ээжүүд ч хүүхдийнхээ сурлагад анхаарах ёстой” гэсэн агуулга, нөгөөтээгүүр “Сурагчдын хоцрогдолд эцэг, эхчүүд ч тодорхой хэмжээгээр буруутай” гэсэн анхааруулга гэж ойлгогдохоор байна. Боловсролын салбарынхан сурагчдын хичээлийн хоцрогдлын асуудалд нэгэнт ийм нухацтай, өргөн агуулгаар хандаж байгаа бол багш нарын заах арга зүй, хичээлийн агуулга, хөтөлбөр, цаг ашиглалтад ч дорвитой анхаарах хэрэгтэй бус уу. Хичээл “таслагч” багш нарт өөрсдөд нь дүн тавих цаг нь болсон юм биш үү. Үүнийг засаж залруулахгүй бол сурагчид танхимд хичээллэх үедээ ч цахим, теле хичээл үзэж байх үеийнхээс ялгаагүй хохирох нь. Хоцрогдол улам гаарч болзошгүй. Тэрчлэн багш нарын ийм байдал сурагчдын идэвх сонирхолд ч ихээхэн нөлөөлдгийг “Орхон эмпати” сургуулийн математикийн багш онцолсон юм.
Тэрбээр “Багш хичээлээ хэр зэрэг сонирхолтой, шинэлэг арга барилаар, эрч хүчтэй заахаас их зүйл хамаардаг юм билээ. Багш нь нурмагар, доожоогүй, уйтгартай байвал хүүхдүүд тэр уур амьсгалд автдаг. Өнгөрсөн намар хичээл эхлэхэд сурагчдын идэвх, анхаарал төвлөрөлт маш муу байгаа нь анзаарагдсан. Зарим нь өөдөөс хараад унтаж байх жишээтэй. Удаан хугацаанд гэртээ амралтын байдалтай байсан, шөнийн цагаар дэлгэц их ширтсэнээс нойр нь солигдож, амьдралын хэвийн дадал нь алдагдсан хүүхдүүд аргагүй шүү дээ. Энэ байдлаас нь гаргахын тулд багш нар ихээхэн хичээл зүтгэл гаргах шаардлагатайг ойлгосон. Ингээд хичээлээ аль болох сонирхолтой байдлаар заахыг, хүүхэд бүрт анхаарч ажиллахыг хичээсэн. Тэр хэрээр өөрчлөлт гарсан” хэмээн сайн туршлагаасаа хуваалцсан юм. Сурагчдын хувьд багш ямар чухал нөлөөтэйг түүний яриа баталж байна. Багш бол самбарын өмнө зогсох мануухай, цаг өнгөрөөж ядсан “хөлсний ажилтан” төдий бус, сурган хүмүүжүүлэгч, чиглүүлэгч, нөлөөлөгч юм.