ХӨӨМИЙГ БУЛААЦАЛДСАН МОНГОЛ ХЯТАДЫН МАРГААН
Бээжингийн “Ханккаи” хэмээх хамтлаг монгол ардын дууг орчин үеийн хэлбэрт оруулан дуулдаг бөгөөд Шанхай зэрэг том хотод ч тоглолт хийдэг. Хамтлагийн бүрэлдэхүүнд монгол, хятад үндэстнүүд аль аль нь бий. Хятадын Засгийн газар иймэрхүү хамтлагийг дэмжсэнээрээ үндэстэн ястны хоорондын маргаан будлианыг арилгаж чадна хэмээн найдаж байна. Монголын хөөмийн багш Б.Одсүрэн 20 гаруй жилийн өмнөөс хятадуудад хөөмий заажээ. Түүнийг анх ирэхэд хятадууд хөөмий гэж юу болохыг огт мэддэггүй байсан гэнэ. Гэвч түүний хятад шавь нар нь уйгагүй зүтгэсээр хөөмийлж сурчээ. Б.Одсүрэн Монголын үндэсний үнэт зүйлийн нэг болох хөөмийг Хятадад таниулсандаа ихэд баяртай байв.
Гэвч удалгүй түүний баяр айдас, түгшүүр болон хувирсан байна. Хятадууд хөөмийг өөрсдийн соёлын өв хэмээн ЮНЕСКО-д бүртгүүлэхээр өгсөн танилцуулгын видео бичлэгийн хуулбарыг олж үзэхэд нэг шавь нь “Хөөмий бол хүн төрөлхтний соёлын үнэлж баршгүй өв, Хятадын үндэсний соёл” гээд яриад сууж байх юм гэнэ. “Би тэдэнд хөөмий зааж өгсөн. Гэтэл шавь нар маань хөөмийг Хятадынх гээд яриад сууж байгааг хараад шоконд орсон” гэж Б.Одсүрэн ярьж байна. ОХУ-ын Тува 1990 онд хөөмийг эзэмшин, хөөмийчдөд дуулах зөвшөөрөл олгодог болох гэж оролдсон түүхтэй. Америкийн алдарт дуучин асан Франк Заппа болон түүний “Хуун-Хуур-Ту” рок хамтлаг ч хөөмийг ашиглаж байлаа.
Хоёр өөр өнгийг нэгэн зэрэг гаргаж чаддаг хөөмийд дуртай хүн олон. Харин хятадууд хөөмийг үнэхээр шүтсэн бололтой. Ийнхүү хэт улайран зүтгэсэн тул ЮНЕСКО Монголын хөөмийг дэлхийн соёлын өвд Хятадын нэр дээр бүртгэж орхисон билээ. Эдүгээ 63 настай Б.Одсүрэн хуучин Зөвлөлтийн загвартай харанхуй умгар байрандаа хятад шавь нарынхаа урван тэрсэлсэнд бухимдаж сууна. “Би хуурч мэхэлдэг хүнд дургүй. Хөөмийг Монголынх гэж бүгд мэдэж байхад яагаад тэд ингэв ээ“ хэмээн Б.Одсүрэн уурлана. ЮНЕСКО-д бүртгүүллээ гээд мөнгө төгрөг олох, эсвэл зохиогчийн давуу эрх эзэмшихгүй. Тэгвэл яагаад Хятад бусад орны соёлыг өөрийнх болгохоор улайрч байна вэ.
Хятад орон олон янзын үндэстнээс бүрддэг тул ЮНЕСКО-гийн соёлын өвийг тэрхүү бага ястнуудаа тайван амгалан байлгаж, газар нутгаа бүрэн бүтэн авч үлдэхийн тулд ашиглаж байна. Хятадын өвөрмонголчууд ч тэрхүү бага ястнуудын нэг. Өвөрмонголд энэ жилийн тавдугаар сард Хятадын хань үндэстний эсрэг бослого, хөдөлгөөн гарч, одоо ч үргэлжилсээр л. Тэгвэл ЮНЕСКО-гийн соё лын өвийн ачаар Хятадын ком мунист нам Өвөрмонгол төдийгүй Төвд, Шинжааныг ч хянахыг оролдож байна. Өвөрмонголын дуу, бүжгийн академийн захирал Ли Кьянг “Хөөмий манай Хятадын сайхан соёлын нэг. Яагаад гэвэл монголчууд манай нэгэн үндэстэн. Хөөмий хэзээ хаана үүссэн, хэн зохиосон зэрэг яриа маргаан сонин биш.
Хамгийн чухал нь энэ урлагийг хэн нь хамгийн сайн хадгалж чадах вэ гэдэг асуудал. Одоогийн байдлаар бид хүчирхэг тул хөөмийг сайн хадгалж чадна” гэж ярьж байна. 2009-2010 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн бүх зүйлийн 25-аас илүү хувь нь дан ганц хятадуудын нэр дэвшүүлсэн зүйлс. ЮНЕСКО-гийн соёлын өвийн асуудал хариуцсан захирал Сесиль Дювелль ЮНЕСКО-д бүртгүүллээ гээд тэрхүү соё- лын өв нь яг тэр орных нь өмч болж байгаа гэсэн үг биш хэмээн хэлж байгаа. Гэвч энэ асуудалд улс төр хутгалдаж эхэлсэн нь ойлгомжтой. Хятадын бүртг үүлсэн соёлын өвийн ихэнх нь үнэхээр Хятадынх. Бээжингийн дуурь, луут завины наадам, ханз, уран зураг зэрэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Хятадын нэр дээр Кыргызстаны үндэсний соёлын өв гэгддэг “Манас” тууль, Төвдийн дуурь, солонгос тариачдын бүжиг бүртгэгдсэн байгааг юу гэж үзвэл зохих вэ.
СОЁЛЫН ТҮРЭМГИЙЛЭЛ ҮҮ?
НҮБ-аас анх 2003 онд соё- лын өвийг хамгаалах тогтоол гаргахдаа нутгийн уугуул иргэдэд соёл урлагаа хамгаалахад нь туслах зорилготой байлаа. ЮНЕСКО-гийн соёлын өвд юуг бүртгэх вэ гэдгийг НҮБ-ын гишүүн 24 орны төлөөлөгч орсон хороо шийддэг. 2003 оноос хойш дэлхийн улс орнууд соёлын өвөө бүртгүүлэхийн төлөө яараагүй байхад Хятад маш идэвхтэй ажиллаж байв. Тиймээс тэд Мон гол, Кыргыз, Төвдийн соё лын өвүүдийг түрүүлээд бүртгүүлчихсэн хэрэг. Олон орны эрдэмтэд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх системийн хүнд сурталтай, улс төртэй хут галд - саныг нь ихэд гайхдаг.
Голландын хөгжим судлаач Марк ванн Тонгерен ЮНЕСКО-гийн судлаачдын нэг бөгөөд хятадууд хөөмийг бүртгүүлэхээр өгсөн өргөдлийг үзээд ихэд гайхсан гэнэ. Тэр “Би хараад шууд хятадууд зальдаж байна гэдгийг ойлгосон” хэмээн ярьж байна. Харин дээр дурдсан захирал Ли Хятад Монголын хөөмийг эзэмших гэж оролдсон гэдгийг няцаагаад Б.Одсүрэнг Хятадад ирж, хөөмий заахаас өмнө Өвөрмонголд хөөмийчид байсан хэмээн баталж байна. Мөн Ли “Манайхан хөөмийг бүртгүүлэхийн тулд сайн бэлтгэсэн. Бид ЮНЕСКО-д хөөмий Хятадынх гэдэг маш олон баталгаа үзүүлсэн болохоор манай нэр дээр бүртгэсэнд гайхах юмгүй” гэлээ.
Харин Б.Одсүрэн Өвөрмонголд эрт дээр үед хөөмийч байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч хөөмий Өвөрмонголд бүрэн сөнөөд байсан гэж хэлж байна. Түүний үгийг баталсан зүйл Хятадын “Синьхуа” агентлаг ч бичиж байжээ. 2006 онд тус агентлаг “Хятадад хөөмий 100 жилийн өмнө устсан” гэсэн нийтлэл гаргаж байлаа. Энэ нийтлэлээр л Хятадын хөөмийг эзэмших эрхийг хасаж болно гэж Б.Одсүрэн үзэж байна. Учир нь 2003 онд НҮБ-аас гаргасан тогтоолд соёлын өв нь үе дамжин залгамжлагдсан байх ёстой гэж заасан байдаг аж. 100 жилийн өмнө мөхсөн хөөмий үе дамжуулан залгамжлагдаагүй байна гэж тэр үзэж байгаа бол Ли “Хятадад хөөмий устсан гэж бид бодож байлаа. Гэтэл хөөмий Хятадын нүүдэлчдийн дунд үе уламжлан хадгалагдан үлдсэн байсан” хэмээн маргав.
Мао Зэдуний үе буюу 1949- 1976 онд Хятадын коммунист нам үндэсний цөөнхийн соёл урлагт харгис хатуу ханддаг байлаа. Тэгвэл одоо тэд янз бүрийн ард түмний дуу хөгжим, бүжиг, урлагийг дэмжин хөгжүүлэх гэж оролдож байгаа нь үүгээрээ Монгол болон бусад үндэсний цөөнхийг номхон томоотой байлгах гэсэн бодлого юм. Хөөмийг Баруун Монголд үүссэн гэж үздэг. Ан амьтан, салхи, усны чимээг дуурайн дуугарч байсан малчид анх хөөмийлсөн хэмээн тооцдог. Чингис хааны аян дайны үеэр хөөмий дэлхийд тархсан гэдэг. Хубилай хаан 1271 онд Хятадыг эзэлсэн ч монголчууд дараа нь Хятадын эрхшээлд орж, 1921 онд л эрх чөлөөгөө олсон билээ. Монгол Улсын хүн ам дөнг өж 2.8 сая тул 1.3 тэрбум хүнтэй урд хөршөөсөө байнга эмээдэг.
Хөөмийг Хятадын нэр дээр бүртгүүлсэн мэдээ Улаанбаатарт гарахад Б.Одсүрэнг Монголын хэвлэлүүд “Монголын соёл урлагийг зарсан урвагч” хэмээн цоллосон гэнэ. Хятадууд хөөмийг бүртгүүлэхээр ЮНЕСКО-д өгсөн танилцуулгын бичлэгт түүний шавь төдийгүй Б.Одсүрэнгийн тоглолтын хэсгээс ч оруулсан байжээ. “Хөөмийг хятадуудад худалдсан гэх шуугиан гарснаас болоод би бүтэн жил нойргүй зовсон” гэж Б.Одсүрэн ярилаа. Харин монголчууд хөөмийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард нэр дээрээ бүртгүүлснээс хойш байдал намжсан аж. Одоо хөөмий ЮНЕСКО-гийн бүртгэлд Монгол, Хятад гэсэн хоёр улсын нэр дээр бүртгэгдсэн. Өвөрмонголын дуу, бүжгийн академийн захи рал Ли Кьянг “Альных нь жин хэнэ болгохыг маргах цаг биш” гэж ярьж байна.
Харин Б.Одсүрэн одоо өөрийг нь худалдсан хятад, өвөрмонгол шавь нартаа ч уурлахаа больжээ. Тэрбээр “Хятадад бага ястан байх амаргүй. Ялангуяа Өвөр монголд хятадууд монголоосоо олон байдаг тул бүр хэцүү. Өвөрмонголчууд амьд үлдэхийн тулд хэн хүчтэйд нь захирагдахаас өөр аргагүй. Яая гэхэв” хэмээн ярьсан юм.
Эндрю Хиггинс “Washington Post”
М.Сугар-Эрдэнэ