Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд энэ сарын 19-20-нд шилжих шөнө таван хүн хордлогын шинжтэй нас барсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Таван хүний амь нас хохирсон хэргийн мөрөөр бид сурвалжиллаа. Зайсан дахь хүүхдийн хорих ангийн ойролцоо дээрх золгүй явдал болжээ.Тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, өндөр настан Ж.Должин гуайтай уулзлаа.
-Танай байшингийн ойролцоо хүмүүс архи ууж, амь насаа алдсан хэрэг гарсан бололтой. Танд мэдсэн зүйл байна уу?
-Эмээ нь сайн мэдээгүй. Өнгөрсөн хагас сайны өглөө үхрээ туухаар гартал хажуугийн вагончикийн хажууд нүцгэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Би санаа зовоод, цагдаад энэ тухай мэдээлэл өгсөн. Хөдөлгөөнт эргүүлийнхэн ирээд нас барсан байна гээд аваад явсан. Дараа нь сонсоод байх нь ээ, нэг биш таван хүн Зайсангийн эцсийн буудлаас энэ хүртэл цувраад хэвтэж байсан гэсэн. Зарим нь эндхийн хүн биш юм шиг дуулдсан. Нэг нь харин манай энд олон жил амьдарсан хүн гэв. Тэндхийн иргэдийн мэдээлснээр энэ сарын 20-ны өглөө Зайсангийн эцсийн буудлын хажууд ахимаг насны нэг эмэгтэй ухаан алдсан байдалтай хэвтэж байж. Хориод алхмын цаана мөн нэг эрэгтэй байхыг харсан иргэд цагдаад мэдэгдсэн аж.
Талийгаачдын архи уусан гэх вагончик, эцсийн буудлын хооронд нэг км хүрэхгүй зайтай юм билээ. Нас барсан иргэд эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн орон гэргүй байсныг цагдаагийнхан тогтоожээ. Харин талийгаач Б Зайсанд амьдардаг болохыг иргэд хэлсэн юм. Нийтийн эзэмшлийн байшингийн гадна байсан хэсэг хүнээс хэргийн талаар тодруулахад “Манай хамаатны ах архинд хордоод нас барсан. Бид эгчийгээ дуудъя” гэв. Талийгаач Б-ийн дүү С бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөн юм.
-Талийгаач Б таны ах гэсэн үү. Ямар ажил хийдэг хүн байсан бэ. Ямар архи уусан юм бол?
-Миний төрсөн ах байгаа юм, эрхэлсэн ажилгүй. Урд нь ХӨСҮТ-ийн аж ахуйн албанд ажилладаг байсан. Эгч нь энэ хэргийн талаар чимээгүй байя гэсэн бодолтой явсан юм. Бодоод байх нь ээ энэ талаар ярих нь зөв гэж бодлоо. Нэг дор таван хүн нас барсан болохоор л олны анхаарлыг татаж байна. Өдөрт нэг нэгээр энэ мэтчилэн хэдэн хүн нас барж байгааг бид хэлж мэдэхгүй, тоохгүй өнгөрдөг. Миний ах архи уух дуртай л даа. Гэхдээ уух дуртай хүн бүхэн энэ мэт хямд архи уугаад амь насаа алдаад байвал цөөхөн хэдэн монголчууд юу болох билээ. Бид дуртай зүйлээ дэлгүүрээс авч хэрэглээд хордоод үхээд байж болохгүй биз дээ. Ах маань ажил төрөл хийе гэж их явдаг байсан. 50 гарсан хүнийг ажилд огт авдаггүй. Эрэгтэй хүнд тийм ч өндөр нас биш шүү дээ.
-Архи уусан юм болов уу, спирт найруулж уусан юм болов уу. Хамт байсан хүмүүс нь танай ахын найзууд уу?
-Чухам юу уусныг би сайн мэдэхгүй. Өнөөдөр (өчигдөр) задлан шинжилгээ хийж байгаа. Дараа нь юунаас болж амь насаа алдсан нь тодорхой болох байх. Манай ахынх Зайсанд олон жил амьдарсан. Энэ хавьд өөрийнх нь найз нөхөд, ойролцоо насны олон хүн бий. Хоёр найзтайгаа уулзаад архи уусан бололтой.
-Ахын чинь биед ямар өөрчлөлт илэрсэн бэ. “Азийн чоно” компанийн архинд хордсон хүмүүс бөөлжиж, юм харахаа больж, таталт өгч байсан гэдэг?
-Яг адил шинж тэмдэг илэрсэн байна лээ. Ах маань архи уусныхаа маргааш (20- ны өглөө) босоод бүдчээд явж чадахгүй байсан гэсэн. Манай дүүгийнх хажууд нь байдаг юм л даа. Дүү маань асуухад “Миний нүд юм харахгүй байна. Бие тааруу байна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд л удалгүй таталт өгөөд нас барсан. Арав гаруй хүний амь насыг авч одсон спиртийг тухайн үед бүрэн устгасан юм болов уу. Тэр спиртийг хаа нэгтээ нууж байсан ч юм бил үү гэж бодох юм. Сайхан залуус ажилгүй, боловсролгүйгээс болоод архинд орж, амьдралаа алдаж байна. Энэ асуудалд онцгой анхаараасай гэж би бодож байна. “Барс” худалдааны төвд хуурамч шошготой, хямд архины бөөний төв байдаг юм билээ. Сүлжээ болсон энэ бизнесийг үндсээр нь устгах хэрэгтэй байна.
-Танай ах эмнэлгийн тусламж авч чадаагүй байх нь ээ?
-Миний ах тусламж авч чадаагүй нас барсан. Ахыг нас барахаас өмнө хоёр хүн нас барсан. Хэргийн газар ирсэн цагдаагийнхан хордсон хоёр иргэнийг авч Хордлогын үндэсний төвд хүргэсэн ч хүлээж аваагүй гэсэн. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад тэд яагаад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэлгүй буцаасан юм бол. Би гайхаад сууж байна. Хэрвээ тэд тусламж үзүүлсэн бол тэр хоёр хүн амьд байх ч юм бил үү. Ядуу зүдүү ч хүн шүү дээ. Улсын эмнэлэг хүлээж аваагүй иргэдийг сүмийн “Энэрэл” эмнэлэг авч шаардлагатай эмчилгээ хийсэн ч тус болоогүй юм билээ гэв.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын тушаалаар томилсон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Ажлын хэсгийнхэн өнгөрөгч даваа гаригийн шөнө архи, согтууруулах ундааны үйлдвэрүүд чанарын шаардлага хангасан спирт ашиглаж байгаа эсэхийг шалгасан юм. Одоогоор нас барсан иргэд чухам юу уусан нь тодорхой бус байна. Зарим гэрч “Хөх өнгөтэй зүйл найруулж уусан” гэж цагдаагийнханд мэдүүлжээ. Тэр зүйлийг нас барсан гэр бүлийнхэн авчирсан аж. Зургаан иргэн архи ууж, хордсоноос иргэн н.Лхагваа амьд байгаа юм. Түүнийг Хордлогын үндэсний төвд эмчл үүлж байгааг дуулаад тус төвийг зорилоо.
Ажил үүргийн хуваариар Хордлогын үндэсний төв архины хордлогод орсон хүн хүлээж авдаггүй юм байна. Архины хордлогыг тухайн дүүргийн эмнэлгүүд эмчлэх ёстой ч иргэн н.Лхагваад эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн аж. Тус төвийн эмч нар “Архинд хордсон гэх хүн манайд өнгөрөгч бямба гаригт ирсэн. Бид яаралтай эмчилгээ хийж, хордлогыг нь тайлсан. Хордолтын хэмжээ нь бага учир эмчилгээ авч, өнөөдөр (өчигдөр) эмнэлгээс гарсан” гэв.
Иргэн н.Лхагваагийн дүү П-тэй холбогдон биеийн байдлыг нь асуулаа.
-Ах чинь эмнэлгээс гарсан юм байна. Бие нь сайн эдгэрсэн юм уу?
-Манай ахын биеийг дээрдлээ гээд эмнэлгээс гаргасан. Эмч нар мэдэж байгаа байх. Хордсон даруйд нь очиход ойр зуурын юм яриад, бие нь гайгүй байсан. Эмнэлгээс гараад манайд ирээгүй байна.
-Ямар архи ууснаа танд хэлсэн үү?
-Хэлээгүй. Архи уусан хүмүүс дээр очихдоо согтуу байсан юм билээ. Архинаас нь амсахад эвгүй амттай болохоор нь нэг л балгасан гэсэн. Ах өөрөө нэлээд согтуу байсан болохоор хамт байсан хүмүүстээ энэ талаар хэлж чадаагүй гэж байна лээ гэв. Талийгаач 35-52 насны таван иргэний гурвынх нь ар гэр, ойр дотнын хүмүүсийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. Тэдгээр иргэд хаанаас, хэнээс ямар архи, спирт авснаа хэлж чадалгүй байсаар нас барсан нь мөрдөн байцаах ажил удаашрахад хүргэж байгаа аж. Ажлын хэсгийнхэн хямд, баталгаагүй архи худалдан авахгүй байхыг анхааруулж, худалдаж байгаа хувь хүн, худалдааны төв байвал яаралтай мэдэгдэхийг сануулав.
Х.Оюунсүрэн