Дархан цаазат Богдхан уулын Их, Бага Тэнгэрийн дээд, Зайсан толгойн оройн хэсгээр өчигдрийн байдлаар таван түймэр гараад байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нийт 36 хүн ажиллаж байгаа аж. “Түймэр гарч байгаа шалтгаан ердөө л самар, жимс түүхээр ууланд гарсан хүм үүстэй холбоотой. Самарчдын байрласан отгоос түймэр гарч байна.
Харин ч бага дээр нь шуурхай илрүүлж, унтрааж эхэллээ. Одоогоор энэ түймэр харьцангуй бага талбайг хамарч байгаа болохоор бид хувингаар ус зөөж асгах, цохих зэргээр гар аргаар тэмцэж байгаа. Түймэр тавьсан хүмүүсийн гурвыг илрүүлсэн. Экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоож, хуулийн дагуу хариуцлага ногдуулна” хэмээн тус хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Мөнхтуяа ярилаа. Үүнээс гадна Ойн газраас Богдхан уулын Нүхт, Жаргалант, Арцатын амуудад өчигдөр хортон шавьж устгах хор цацжээ. Хорны үйлчлэх хугацаа нэг сар байдаг аж. Иймд самар, жимс худалдан авахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.