“Петрочайна дачин Тамсаг Монгол” ХХК-ийн Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газраас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэлх авто замаар хийж буй улс хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн улсын байцаагч нарын эрхийг МХЕГ-ын дарга Р.Содхүү хассан юм. Энэ шийдвэрийг буруушаан Авто замын газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаатар, ахлах мэргэжилтэн В.Октябрь нар өчигдөр мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын дарга Р.Содхүү байцаагчийн эрхийг цуцалсан үндэслэлээ “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.7, 5.9, 5.12, 5.16, Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага стандартын есдүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтыг тус тус зөрчсөн.
Түүнчлэн авто тээврийн хяналтын улсын байцаагчид хуулиар эрх олгоог үй, өөрт хамааралгүй хяналтын чиглэл буюу Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Авто замын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, дээрх хуулиудын заалтыг хэрэглэж, улсын байцаагчийн эрх хэмжээг хэтрүүлжээ. Иймд улсын байцаагчийн эрхийг өнгөрсөн сарын 25- наас эхлэн цуцалсан болно” гэжээ.
Шалгалтын багийг ахалсан Д.Батбаатар “Бид хууль зөрчөөгүй. Олон жил энэ салбарт ажиллаж, дадлага туршлага хуримтлуулсан, удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хүнийг ажилгүй болгож байна. Бид хуулийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийсэн. Байцаагчийн эрхээ хасуулсан хүмүүс энд ирээгүй. Асуудал улам хүндэрч болзошгүй гэж тэд болгоомжилж байгаа юм. Мөрөөрөө ажлаа хийж байсан олон хүний ажил, амьдралаар тоглож болохг үй. Гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүсье” гэв.
Эрхээ хасуулсан байцаагч нар Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга нарт албан бичиг хүргүүлсэн аж. Тэд асуудал шийдэгдэхгүй бол шүүхэд хандахаа мэдэгдлээ.
Х.СҮРЭН