Баяр наадмын тухай хуулиар таваас дээш давсан бөхчүүд, харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг. Энэ жилийн наадмаар улсын цол хүртсэн бөхчүүдээс найм нь сэргээш хэрэглэсэн гэх мэдээлэл байсан. Допингийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхантай энэ талаар ярилцлаа.
-Энэ сарын эхээр шинжилгээ ний хариу ирсэн гэсэн. Яагаад өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид хийсэн шинжилгээний хариуд эргэлзэх зүйл байхгүй санагдах юм?
- Бид баяр наадмын хоёр дахь өдөр шөвгийн 32-т үлдсэн бөх, харваачдаас шинжилгээ авсан. Зориулалтын саванд тухайн хүний шээсийг авч А,В гэсэн хоёр саванд хийж битүүмжлээд олон улсын стандартын дагуу DHL-ээр шинжилгээг явуулсан. Хариуг энэ сарын 5-нд хүлээн авсан. Тамирчин А сорьцыг эс зөвшөөрвөл В сорьцыг шинжлүүлэх эрхтэй. Бид шинжилгээний хариуд эргэлзээгүй, нуун дарагдуулаагүй.
-Найман бөх допинг хэрэглэсэн гэх юм. Бидэнд ирсэн мэдээллээр Г.Баасандорж, Ч.Санжаадамба, Ш.Жаргалсайхан, А.Цацабшир, Г.Алтангэрэл, Ч.Цогбаяр нарын нэр дуулдаж байна?
-Бид шинжилгээний талаар мэдээлэл хийх, хариуцлага тооцох эрхгүй. Харин шинжилгээ авч явуулах, хүлээж авах, хариуг Баяр наадмыг зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн холбоонд танилцуулах эрхтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мөрдөн байцаалтын ажил дуусаагүй байхад гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхгүй гэсэн заалт байдаг. Үүнтэй адил сэргээш хэрэглэсэн эсэхийг тогтоох процедур дуусаагүй байхад шууд нэрийг нь зарлахыг хүлээзнэж байгаа байх. Найм биш хоёр бөх сэргээш хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Нэрийг нь хэлэх боломжгүй.
-Харваачдын шинжилгээ ямар гарсан бэ?
-Жилийн жилд манай харваачдаас ямар нэгэн асуудал гардаггүй. Энэ жил мөн адил байсан.
-Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэр, шинжилгээний хариу хэн, хэнд байгаа вэ. Хэвлэлүүдээр бөхчүүдийн нэр гарсан байна ?
-Шинжилгээний хариуг би анх гардаж авсан. Авсан даруйдаа Баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн холбоо болон шинжилгээ нь сэжигтэй гарсан хоёр бөхөд мэдэгдсэн. Энэ сарын 16-нд Үндэсний бөхийн холбоо бидэнд тухайн хоёр бөхийн хүсэлтийг ирүүлсэн. Тэд В сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаа юм билээ. В сорьцын шинжилгээ хийхэд тухайн тамирчин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох эрхтэй учир бид БНСУ-ын лабораторид урилга ирүүлэх хүсэлт тавиад хүлээж байна. Хоёр дахь шинжилгээ хийлгэх бүх зардлыг тухайн тамирчин өөрөө даадаг. Шинжилгээний хариу Шадар сайд М.Энхболд, Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, тус хорооны гишүүн Ч.Насанбат, ҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нарт байгаа.
-Жил бүр төсвөөс их мөнгө зарж шинжилгээ хийдэг. Журмаа зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцож чаддаггүй. Тэгэхээр шинжилгээ хийхийн хэрэг байгаа юм уу?
- Улсын төсвийн олон сая төгрөг зарцуулчихаад хариуцлага тооцож чадахгүй бол шинжилгээ хийлгэдгээ болих хэрэгтэй. Энэ шинжилгээнээс үүдэн үндэсний бөх спорт уу, аль эсвэл уламжлалт өв соёл уу гэх яриа гардаг. Нэг хэсэг нь бөхчүүд байнгын бэлтгэлтэй, уралдаан тэмцээнд оролцдог, шагнал урамшил авдаг учир спортын төрөл мөн гэж үздэг. Харин зарим нь түүхэн уламжлал, өв соёл гэх нь бий. Хэрвээ спорт мөн л юм бол тамирчин хүнд ямар шаардлага тавьдаг, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах ёстой гэх мэт журам зарчмыг дагах ёстой. Нөгөө талаар сэргээш хэрэглэхгүй байх талаар бид зөвлөгөө, мэдээлэл өгөх учиртай. Бид ажлаа хийсэн, харин хариуцлага тооцох газар нь ажлаа хийхгүй байгаа нь харамсалтай.
-Бөхчүүд ямар эм тариа допингийн төрөлд багтдагийг мэддэггүй бололтой. Та бүхэн энэ талаар мэдээлэл өгдөг үү?
-Мэддэг л байх. Мэдэн будлих нь бас бий. Бид допингийн талаар мэдээлэл өгөх гээд Үндэсний бөхийн холбоотой хамтарч сургалт зохион байгуулахад зургаа, долоон хүн ирж байгаагаас харахад энэ талаар мэдээлэл авах хүсэлгүй байдаг бололтой. Баяр наадам болохоос долоо хоногийн өмнө бид бөхийн галаар явж мэдээлэл өгдөг ч үр дүн гарахгүй л байна. Энэ нь мөн л хариуцлага тооцохгүй байгаатай шууд холбоотой. Хэрвээ журам зөрчсөн бөхийн эрхийг хуульд заасны дагуу хоёр жилээр хасвал бүгд цочирдоно биз дээ. Ид барилдах үедээ хоёр жилээ хасуулна гэдэг маш том шийтгэл.
-Өвчин гэдэг хэлж ирэхгүй. Хэрвээ өвдөөд эм тариа хэрэглэсэн бол тухайн жилийн баяр наадмаар барилдахгүй гэсэн үг үү?
-Яг ч тийм биш. Тухайн бөх өвдөж эм тариа хэрэглэсэн бол Эрүүл мэндийн сайд, Үндэсний Олимпийн хорооны даргад баяр наадам болохоос долоо хоногийн өмнө албан ёсоор мэдэгдэх ёстой. Түүний дагуу эмч нарын комисс өвдсөн нь үнэн эсэхийг тогтоосон тохиолдолд арга хэмжээ авахгүй байх журам бий.
-Энэ жил сэргээш хэрэглэсэн хоёр бөх ийм хүсэлт гаргасан юм болов уу?
-Үгүй ээ, хүсэлт гаргаагүй.
-Хэрвээ сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцохгүй бол та бүхэн ямар арга хэмжээ авах вэ?
-Бид ямар ч арга хэмжээ авах эрх зүйн үндэс байхгүй. Бөхийн салбар комисс, холбоонд нь шаардлага хүргүүлнэ. Бусдад муу нөлөөтэй, хуулиа зөрчсөн бөхчүүдэд хариуцлагаа тооцож, арга хэмжээ авдаг болоосой гэж хүсэж байна гэв.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид хийсэн шинжилгээгээр Ховд аймгийн Мянгад сумын уугуул, “Гарьд зам” компанийн бөх, харцага цол хүртсэн Г.Алтангэрэл, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх, улсын начин цол авсан Ч.Цогбаяр нар сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Х.ОЮУНСҮРЭН