Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд энэ сарын 19-20-нд шилжих шөнө таван хүн нас барсан хэрэг гарлаа. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн Шуурхай бүлэг мэдээлэл авсан даруй хэргийн газар очиход архи уусан иргэд ойр зуурын үг хэлэх чадвартай байсан гэнэ. Тэднээс ямар архи уусан гэдгийг нь асуусан боловч хэлээгүй аж.
“Энэрэл” эмнэлэгт хэвтүүлж, яаралтай эмчилгээ хийсэн ч удалгүй нас баржээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирын тушаалаар ноцтой хэргийг шалгах Ажлын хэсгийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс томиллоо.
Албаны эх сурвалж “Эрхэлсэн ажил, тодорхой хаяггүй Б нарын зургаан иргэн үл мэдэгдэх согтууруулах ундаа хэрэглэсний улмаас 36-52 насны таван иргэн нас барсан. Эдгээр таван хүний хоёр нь гэр бүл юм билээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэв.
Х.СҮРЭН