Баян-Өлгий аймгаас ноолуур цуглуулж явсан хоёр залуу энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд сураггүй болж, унаж явсан 31-51 БӨА дугаартай “УАЗ- 469” машиныг нь зургаа хоногийн дараа Баяннуур сумаас 10 гаруй км зайтай газарт шатсан байхыг цагдаагийнхан олсон юм. Тус аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Т.Бакытаар удирдуулсан Ажлын хэсэг гэмт этгээдүүдийг долоо хоногийн дараа илрүүлсэн.
Уг хэргийг Баяннуур сумын харьяат 20-22 настай Х, Е, Н нарын казах залуу бүлэглэн үйлдсэн бөгөөд хохирогчдыг ДНХ-ийн шинжилгээгээр талийгаач ах, дүү хоёр мөн гэдгийг тогтоогдсон байна. Хохирогчид машиныхаа салхины шилэнд “Ноолуур авна” гэсэн бичиг наасан байсан нь гэмт этгээдүүдийн шуналыг хөдөлгөсөн гэж сэжигтнүүд мэдүүлжээ. Тэд ноолуурын ченж Х, Б нарын 20 сая төгрөгийг дээрэмдэхийн тулд амийг нь бүрэлгэж, ул мөрөө баллахаар машин болон цогцсыг шатаасан байна. Улмаар долоо хоног нуугдаж, нэг нь БНХАУ-ын Шинжаан руу зугтсан аж.
Цагдаагийнхан БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад мэдэгдсэний дүнд сэжигтэн Е-г тус улсад бүгж байхад нь саатуулан манайд хүлээлгэн өгсөн байна. Хоёр хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэр гийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуу саад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлсэн. Тус газраас хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, харьяалал тогтоолгохоор Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн аж.
Тус шүүх өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уг хэргийг Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээр хэлэлцүүлэхээр болов.
Г.РАВЖАА