Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлож буй “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн Тамсагийн сав газраас Баянхошуу, Бичигтийн боомт хүртэл хийж буй улс хоорондын тээврийг шалгасан улсын таван байцаагчийн эрхийг МХЕГ-ын дарга Р.Содхүү хассан. Даргынхаа гаргасан шийдвэрийг МХЕГаас тайлбарлав.
МХЕГ-ын газрын дарга Д.Доржханд “Эрхээ хасуулсан байцаагч нар нь орон тооны бус байцаагчийн эрхтэй. Тэдний хийсэн шалгалтаас долоон зөрчил илэрсэн. Шалгалтыг МХЕГ-аас баталсан хяналтын хуудас, түүнд заасан асуулгын хүрээнд хийгээгүй. Шалгалтын явц, үр дүн, авсан болон авах арга хэмжээний талаар тэмдэглэж, гарын үсгээ зураагүй. Тэд Газрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Автозамын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хуулиар эрх олгоогүй, өөрт хамааралгүй чиглэлээр шалгалт хийжээ.
Түүнчлэн уг шалгалтын үеэр тавьсан актад заасан зөрчлийг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” арилгаагүй байхад эрхийг нь сэргээсэн. Тухайлбал, актад “Замын засварыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэлгүй, хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэр хийснээр замын нийт уртын дагуу зарим газарт 30-60 см гүн ховил, дэржигнүүр үүссэн байна” гэсэн мөртлөө зөрчлийг арилгаагүй байхад үйл ажиллагааг нь сэргээсэн акт гаргажээ. Тиймээс авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч С.Батболд, улсын байцаагч М.Батсайхан, Д.Батбаатар, Н.Баяраа, О.ПүрэвОчир нарын эрхийг хассан” гэв.