Хоёр сарын өмнө төрийн өмчит “Багануур” ХК-ийн даргыг өөрчлөх, оронд нь өөрийн хүнийг суулгах улстөрчдийн “уралдаан” эхэлсэн тухай яриа гарч, уурхайчид түүнийг нь эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлгэж байсан. Гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ уурхайг арван хуруу шигээ мэддэг, ажил амьдралаа уурхайтай холбосон, дадлага туршлагатай нэгэн ч тэтгэвэрт гаргах нэрээр түүнийг зайлуулах гэж байгааг уурхайнхан буруушаан, солих сонирхолгүй байгаагаа хэлж байсан юм.
Уурхайн удирдлагыг гартаа авах улангасал УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт бий гэж үзэж байгаагаа уурхайчид хэлж байсан. Энэ асуудал нэг хэсэг нам жим болсон ч найр наадам хавтгайрах үеэр Төрийн өмчийн хороо хуралдаж “Багануур” ХК-ийн даргыг өөрчилж, Н.Мэргэнбаатарыг томилсон нь Д.Дамба-Очирын хүн бололтой. Эрхэм гишүүний зүтгүүлсэн Н.Мэргэнбаатар 1984 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Свердловск хотын Уул уурхайн дээд сургууль дүүргэжээ.
Мөн ОХУ-ын Москва хотын Уул уурхайн дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан юм байна. Тэрбээр ажлын гараагаа 1989 онд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт машинч, баяжуулагчаар эхэлж мастер, ахлах мастер, хэсгийн дарга зэрэг албыг 10 гаруй жил хашсан аж. Нийслэлийнхний гэрэл гэгээтэй, дулаан цахилгаантай байх, эсэхийг шийддэг Багануурын уурхай өнгөрсөн жил дөрвөн тэрбумын орлоготой, таван тэрбумын зарлагатай ажилласан нь Засгийн газар, хариуцсан яамны буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж уурхайчид ярьдаг юм билээ.
Багануурын уурхайн нэг тонн нүүрсийг 18200 төгрөгөөр зарах хатуу үнэ тогтоосноос алдагдалд орж, өрийн сүлжээ үүссэн тухай яригддаг. Шинэ дарга Н.Мэргэнбаатар Монголын стратегийн чухал үйлдвэр, 1000 гаруй ажилтантай Багануурын уурхайг хэрхэн удирдахыг цаг хугацаа харуулах биз ээ.
Х.ОЮУНСҮРЭН