Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байгаад хуучин оны цэргүүддээ зодуулан Клиникийн нэгдүгээр эмнэлэгт ухаангүй ирсэн С.Батбаяр лхагва гаригт нас баржээ. Говь-Алтай аймгийн уугуул тэрбээр өөрийн хүсэлтээр цэрэгт ирсэн бөгөөд айлын ганц хүү аж. Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Оюунцэцэг “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс С.Батбаяр гэдэг өвчтөн цус харвалтын байдалтай ирсэн.
Бид шаардлагатай эрчимт эмчилгээ хийсэн боловч үр дүнгээ өгсөнгүй. Үхлийн шалтгаан нь задлан шинжилгээний дараа тодорхой болно” гэв. Талийгаач цэрэгт татагдахдаа эрүүл байсан бөгөөд 2010 оны 12 дугаар сард тархиндаа гэмтэл аван, татаж унадаг болсон аж. Бид 805 дугаар ангийн захирагчтай холбогдон С.Батбаярыг зодон амь насаа алдахад хүргэсэн Х.Билэгсайхан нарын цэрг үүдэд ямар арга хэмжээ авсан, талийгаачийн ар гэрийнхэнд тусалж байгаа эсэхийг тодруулахыг хичээлээ. Харин тус ангийн жижүүр, штабын дарга нар “Энэ тухай мэдэхгүй. Захирагчийн утсыг өгөхг үй” гэхээс өөр хариулт өгсөнгүй.
Тус ангийнхан хэргийн талаар болон захирагчийнхаа нэрийг ч хэлэхгүй байх үүрэг авсан бололтой. Талийгаачийг айлган сүрд үүлж “гомдолгүй” хэмээн гарын үсэг зуруулсан гэж ар гэрийнхэн нь хэлж байна. Гомдолгүй гэсэн үгээр энэ хэргийг хааж, гэм зэмгүй залууг амь насаа алдахад хүргэсэн хал цэргүүд, ангийн удирдлагад ямар ч хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөөхийг санаархаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирэв. Одоогоор энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн, хэн нэгнийг сэжигтнээр татаагүй байна.