Олон түүхт тэгш ой тохиосон баяр наадам сайхан болж өндөрлөсөн. Энэ жил улсын аварга, арслан тус бүр нэг, гарьд, заан цолтон тус бүр хоёр, харцага дөрөв, начин 13-аар нэмэгдсэн ч БНСУ-д хийсэн допингийн шинжилгээний хариу бөхөө хайрлан дээдэлдэг монголчуудын сэтгэлийг гонсойлгох бололтой. Баяр наадмын тухай хуулиар таваас дээш давсан бөхчүүд, түрүүлсэн харваачаас допингийн шинжилгээ авдаг болсоор 12 жил болж байна. Энэ жил 1024 бөх зодоглосон учир шөвгийн 32-д үлдсэн бөхчүүдээс шинжилгээ авсан юм.
Допингийн шинжилгээний хариу Шадар сайд, баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга М.Энхболд, Олимпийн хорооны Допингийн эсрэг төвд ирдэг юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын цол хүртсэн найман бөх допинг хэрэглэсэн болох нь нэгэнт тодорхой болсон аж. Шинжилгээний хариу ирээд арав гаруй хонож байгаа ч олон нийтэд зарлахгүй байгаа нь дүрэм зөрчсөн бөхчүүдийн нэрийг нуун дарагдуулах “хор найруулж” байгаатай холбоотой гэж сэжиглэхэд хүргэж байна.
Шадар сайд утсаа аваагүй учир Олимпийн хорооны Допингийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайханаас шинжилгээний талаар тодрууллаа.
-Шинжилгээний хариу ирээд 10 гаруй хонож байхад яагаад олон нийтэд мэдээлэл өгөхгүй байна вэ?
-Шинжилгээний хариу ирэх нь ирсэн. Гэхдээ одоохондоо олон нийтэд зарлах болоогүй.
-Уг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг хийдэг биз дээ. Тэдний шин жилгээнд эргэлзэх зүйлгүй гэж та бүхэн өөрсдөө хэлдэг. Яагаад мэдээлэл өгөхгүй байна вэ?
-Баяр наадмын тухай хуулийн дагуу шинжилгээний хариуг наадам зохион байгуулах комисс хэлэлцээд дараа нь мэдээлэл хийдэг. Хэрвээ наадмын комисс арга хэмжээ авахгүй бол бид хуулийнхаа дагуу арга хэмжээ авах учиртай. Хуульд заасан хугацаа дуусахад долоо хоног дутуу байна.
-Бидэнд ирсэн мэдээллээр улсын цол хүртсэн бөхчүүдээс найм нь допинг хэрэглэсэн гэсэн мэдээлэл байна. Танд болон Шадар сайдад шинжилгээний хариу ирсэн юм билээ. Та нэрийг нь хэлж болохгүй юу?
-Хуулиа л дагана даа. Удахгүй бид мэдээлэл хийнэ гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Баттай эх сурвалж найман бөх допинг хэрэглэсэн нь үнэн гэж баталж байна. Тэр ч бүү хэл зарим бөхийн нэрийг дурдсаныг нийтлэхээ түр азнав. Хуулийн хугацаанд, эрх бүхий байгууллага тэднийг нэрлэж, зохих арга хэмжээ авах биз ээ. Улсын баяр наадмын бөх, харваачдаас допингийн шинжилгээ авдаг болсноос хойш 11 бөхөд арга хэмжээ авсан юм байна. Гэхдээ нуун дарагдуулах, элдэв харшил, ханиад, өвчин намдаах эм уусан мэтийн тайлбараар хаацайлахаас хэтэрсэнгүй. Энэ удаад нэг биш нэлээд хэдэн бөхийн нэр дуулдаж байгаа тул арай ч аргалаад өнгөрөөчихгүй байх гэж найдъя. Хууль зөрчсөн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч, эрхийг нь хасах, цолыг нь хураах гэх мэтийн дэлхийн жишгийг дагахгүй юм бол татвар төлөгчдийн өдий төдий сая төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн нэр зүүж, шоудахын хэрэг юу билээ.
Х.ОЮУНСҮРЭН