Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул, улсын начин Ц.Улаанхүүг хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зөөсөн гэж Эрүүгийн хуулийн 192.2, 192.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улсын начинтай холбоотой хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болсон ч энэ сарын 25 хүртэл хойшлууллаа. Учир нь улсын яллагч Г.Мижиддорж ээлжийн амралтаа авсан, нэхэмжлэл гаргасан Н.Болдбаатар ирээгүй учир шүүгч Т.Шинэбаяр ийм шийдвэр гаргасан юм. Улсын начин Ц.Улаанхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Таныг мэдэх хүмүүс тийм зүйл хийх хүн биш гэж хэлж байна. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг байдаг. Тийм зүйл болчихов уу?
- Ах нь хар тамхи, мансууруулах бодис зарж, зөөх байтугай юу байдгийг нь мэдэхгүй. Бөхдөө хайртай монгол түмэн, хань, үр хүүхдийнхээ ачаар ах нь наймаа хийж амьдрах дээрээ тулаагүй. Үнэндээ би түлээний наймаа ч хийж үзээгүй хүн. Хүнийг шууд гүтгэчих юм.
-Хэн таныг ийм хэрэгт гүтгэв. Таны хуурай дүү гэсэн мэдээлэл байна?
-Тиймээ, ах нь наашаа гэсэн бүхнийг өөрийн үр хүүхэд, ах дүү мэт хайрлаж хамгаалж явдаг хүн. Миний хуурай дүүгээ гэж бодож явсан хүн намайг хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэл зөөсөн хэрэгт гүтгэсэн. Өөрийнх нь мэдүүлгээр би түүнд өгсөн юм байх. Тэр хүн цагдаад ажиллаж байсан болохоор хар тамхины наймааг илрүүлэх гэж цагдаад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг байдаг юм билээ. Би тийм зүйл огт хийгээгүй.
-Та түүнтэй муудалцсан юм уу. Яагаад ийм ноцтой хэрэгт гүтгэж бай гаа юм бол?
-Бодоод бодоод олохгүй юм даа. Н.Болдбаатар харуул хамгаалалтын албатай. Би хамт ажиллаж байхдаа нэг ч удаа ам мурийж, гар зөрүүлж байсангүй. Ах нь нэг удаа найзынхаа урилгаар Бангладеш явсан. Түүнийгээ их юманд бодож, хөөрөөд “Хар тамхи татаж, хар хүүхэнтэй наргиж яваад ирлээ” гээд ярьчихсан. Түүнийг өлгөж аваад л хэрэг үүсгэдэг юм байлгүй.
-Та аймгийнхаа наадамд зодоглож харагдсан. Бас сар гаруй хоригдсон сурагтай?
-Ахыг нь удаан шалгалаа. Сар 20 хоног урьд чилан хорих төвд саатуулсан. Одоо батлан даалтад гадуур байна. Нутгийнхаа түүхт ойн наадамд зодоглоод, монгол эр хүний хийморийг сэргээдэг овоогоо тахиад л сууж байна. Монголын ард түмэн минь надад итгээрэй. Би тийм нүгэлтэй зүйл хийх хүн биш гэв. Шүүх хурал энэ сарын 25-нд болж эцсийн шийдвэрээ гаргана. Хэрвээ шүүх Ц.Улаанхүүг буруутай гэж үзвэл 6-8 жилийн хорих ял оноох шийтгэлтэй юм байна.
Харин Н.Болдбаатарыг үндэслэлгүйгээр хүн гүтгэсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн 111-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэг дүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.
Х.ОЮУНСҮРЭН