Өвөрхангай аймгийн Богд сум дахь сум дундын Цагдаагийн тасаг нь Богд, Баруунбаян-Улаан, Сант, Гучин-Ус, Төгрөг, Баянгол сумдыг хариуцан байгуулагдан, хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. 2021 онд орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жил, Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн тохиосон түүхэн жилд Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд жишиг болохуйц анхны сум дундын цагдаагийн тасгийн байрыг барьж эхэлжээ. Улмаар, өчигдөр /2022.01.24/ ашиглалтад оруулж, нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү тасгийн байрыг улсын төсвийн 300.0, орон нутгийн 80.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр 360 метр квадрат бүхий 2 давхар, 12 өрөөтэйгээр баригдаж, алба хаагчдын ажиллах таатай орчин нөхцөл, иргэд ая тухтай нөхцөлд үйлчилгээ авах боломж бүрдэж буй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, манай аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Цагдаагийн ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас онцгой анхаарч, 2020 онд тус тасагт орон нутгийн санхүүжилт 33.0 сая төгрөгийн өртөг бүхий УАЗ-220695 маркийн суудлын машиныг шийдвэрлэн өгсний үр дүнд 2021 онд гэмт хэргийн гаралт 36.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.