Зайсан дахь хүүхдийн хорих 411 дүгээр ангиас долдугаар сарын 31-нд зургаан хүүхэд оргосны, хоёрыг нь одоо болтол барьж чадаагүй байгаа. Хариуцлага алдаж, хоригдлоо оргуулсан дарга нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга арга хэмжээ авлаа. Хорих 411 дүгээр ангийн дарга, хурандаа Ё.Оюунаа, тус ангийн харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч О.Билгүүн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тухайн өдөр тус ангийн ялтнуудад хяналт тавьж ажиллаж байсан хянагч, ахлагч Б.Батааг ажлаас халж, төлөөлөгч, ахмад Л.Батбаяр, ээлжийн дарга, ахлах дэслэгч П.Ганзориг нарын цолыг нэг шат бууруулан, тухайн өдөр ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Д.Должингийн үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар хасчээ.
Мөн ШШГЕГын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Даваа-Очир, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа П.Хосбаяр, Гадна харуул хамгаалалтын хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Батсүх нарт сахилгын шийтгэл оноосон байна. Оргосон хүүхдүүдийн дөрөв нь хулгай, нэг нь хүчин, нөгөө нь залилангийн хэргээр ял эдэлж байсан юм. Тэднийг эрж хайх ажиллагаа улс даяар үргэлжилсээр байна.
Б.Минжин