Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд нэгэн байшингаас утаа гарахыг харсан иргэд дуудлага өгчээ. Холбогдох байгууллагаас шалгахад иргэн Ц-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөнд эд зүйлс шатаж байжээ. Утаажилтын бүсээс 1 иргэнийг гаргасан байна.
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд мөн эзэн тодорхойгүй 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж, улмаар “Аванте” загварын суудлын автомашины зүүн урд талын хэсэг хайрагдаж шатаж байсныг онцгойгийнхон амжиж унтраав. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд иргэн М-ын гэр шатжээ.
Орон нутагт мөн галын аюулгүй байдлаа хангаагүйгээс галын хэд хэдэн хэрэг бүртгэгдэв. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Оргил багийн Арал хороололд иргэн Г-ын байшин урд шөнө 00.10 цагийн үед шатсан байна. Онцгойгийнхон гурван цагийн турш ажиллаж, галыг унтраажээ. Харамсалтай нь, тус гал түймэрт иргэн 42 настай, Г өртөж, нас баржээ.
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Агуйт 2 дугаар багийн иргэний малын саравч шатаж, ихээхэн хохирол учирчээ. Тодруулбал, малчин С-ийн 8х30 метрийн хэмжээтэй малын саравч, 150 боодол өвс, 4 нуруу аргал шатсан аж.
Галын аюулгүй байдлаа хангаагүйгээс энэ мэтээр хот хөдөөгүй гал алдсан хэрэг гарсаар байна. Улмаар иргэд өөрийн амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулж буйг Онцгой байдлын ерөнхий газраас өдөр бүр анхааруулсаар байгаа юм.